Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр "Жагсагчдаас 20 орчим шаардлага ирсэн. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал байна. Хөгжлийн банкны өр өнөөдөр төлөгдөж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал жилийн өмнөөс яригдсан. Гацчихаад байсан асуудал олон нийт, хэвлэлийнхний ачаар төлөгдөөд явж байна.
Саяхан Тавантолгойтой асуудлыг дэлгэлээ. Тавантолгой ХК байгуулагдсан цагаас нэлээн асуудал болсон. Тэнд хэдэн машин байдаг, ард нь ямар улстөрчид байдаг. Хэд нь Хятадынх вэ зэрэг олон асуудал байна. Борлуултын 178 гэрээний сонгон шалгаруулалт байдаг. Энэ шударга явагдсан эсэх, оффтейк гэрээний нууцлалтай холбоотой асуудал байна. С зөвшөөрлийн асуудал ч байна.
Нүүрстэй холбоотой асуудлыг санаатай, санаандгүйгээр хэвлэлээр янз бүрээр мэдээлэх асуудал гарч байна. Жагсагчдаас ирсэн шаардлагуудын дийлэнх нь нүүрстэй холбоотой асуудал байсан. Бид олон асуудлыг шийдэж чадсан шигээ Тавантолгойтой холбоотой асуудлыг шийдвэрлэх болно. Хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзсан. Гэхдээ нарийн мэдээллийг Засгийн газрын тэргүүн ярих нь зохисгүй. Гэхдээ нэлээн том шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрх зүйт төрийн дагуу шийдэгдээд явна.
Өчигдөр болсон жагсаалыг нүүрсний хулгайчид өөр тийш чиглүүлэх гэж оролдсон мэдээллийг бид авсан. "Эрдэнэ Тавантолгой" ХК-ийн хуучин удирдлагууд түүний удирдлагад байсан хүмүүс жагсаалыг улстөржүүлэх гэж оролдсон. Тэр хүмүүст хандаж хэлэхэд би тэмцлээсээ алхам ч ухрахгүй. Та бүхэн нүүрсний мөнгөөр далд эдийн засаг үүсгэсэн байж болно. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар ажиллах чадамжтайг анхааруулъя" хэмээлээ.