Өнөөдөр /2022.12.01/ "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нүүрсний асуудал болон компанийн мэдээллийн ил тод байдал, нүүрсний асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ж.Ганбат дараах мэдээллийг мөн өгсөн юм. Тэрбээр,
"Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын 142 гэрээг ил тод болголоо. Олборлолтын гэрээг дүгнэх ажлууд хийгдэж байна. Нүүрсний хулгайтай холбоотой хоёр асуудал байна. Үүнд,
Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн талбайд байрлах нүүрсний овоолгоос нүүрс дутсан асуудал гарсан, энэ нь үнэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтийг миний бие арваннэгдүгээр сарын 22-нд Эрүүгийн цагдаагийн газарт тавьсан. Учир нь өмнөх удирдлагуудтай холбоотой энэ асуудлуудыг шалгуулж, эцэслэх нь зүйтэй гэж үзсэн.
Хоёрдугаарт, 2018 онд шалгагдсан "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой асуудал байна. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиглалтын талбайгаас 268.3 мянган тонн нүүрс олборлосныг Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хамтарсан ажлын хэсгийн тайлангаар баталгаажуулсан боловч нягтлан бодох бүртгэлийн тайлан балансад тусгаж бүртгээгүй. Гэм буруутай этгээдийг тогтоож, хохирлыг барагдуулаагүй юм байна. Энэ нь одоог хүртэл эцэслэгдээгүй яваа. Энэ асуудал одоо цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа" гэлээ.