Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал үр дүндтэй болж өндөрлөв. Айчлалын үеэр хэрэгжүүлэхээр болсон чухал ажлуудаас “Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барихаар болсон нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл Монгол, Хятад хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирсон бөгөөд цар тахлын дараах эдийн засгийг түргэн сэргээхэд анхаарч, “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.
Энэхүү “Бүс ба Зам” санаачлагын тухайд “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК нь Эдийн засгийн хөгжлийн яамтай “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны автозам барих төсөл дээр концессийн Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр 2014 оны 3-р сарын 9-ний өдөр гэрээ байгуулсныхаа дараа БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлагад “Талын зам” нэрээр бүртгүүлсэн байдаг. Тэгэхээр манай улс, “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн “Талын зам” үндэсний хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба Зам” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр Монгол, Хятад талууд тохиролцлоо. Концессын гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, геотехникийн /геологи, геодези, гидрогеологи/ суурь судалгаан ажлуудаа жин тан болгочихсон байдаг.
Мөн хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байгууллагуудтай урт хугацаанд ажилласны үр дүнд босгосон тухай хэвлэлүүд бичсээр байна. “Талын зам” гэдэг бол гурван улсыг холбосон зам тээврийн буюу дэд бүтцийн мега төсөл. Төмөр зам, авто зам, байгалийн хийн хоолой, газрын тосны хоолой, эрчим хүчиний шугам Хятад-Оросыг холбоод манай улсаар дайран өнгөрөх том төсөл, том хүсэл мөрөөдөл юм. Тэгвэл энэ том мөрөөдөл ажил хэрэг болох нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл талын таван замаар байгалийн хий, газрын тос, эрчим хүч урсаж, төмөр замаар галт тэрэг довтолгон, авто замаар улс хоорондын тээвэрчид давхих сайхан цагийн эхлэл тавигдлаа. “Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барих энэхүү мега төслийг Монгол Улсад анх удаа концессийн Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр, улсын төсөвт ямар нэг хүндрэл учруулахгүй, санхүүгийн баталгаа болон дэмжлэггүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Энэ зам манай улсын 6 аймгийн 24 сум, нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 1000 орчим км үргэлжилсэн хурдны авто замын том бүтээн байгуулалт болно.
Зам барилгын ажлын 2.5-3 жилийн хооронд нийтдээ 140-150 мянган ажлын байр бий болох тооцоо гарсанаас шууд нөлөөллөөр 35000-45000 хүний, шууд бус нөлөөллөөр 150,000 орчим хүний ажлын байр шинээр бий болно. Шууд бус нөлөөлөл гэдэг нь зам дагуу бий болох шинэ суурьшлын бүсүүдээс гадна аж ахуй нэгжүүдийн бизнесийн цар хүрээ өргөжин тэлэхдээ холбогдуулан ойлгох хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл үндсэний аж ахуй нэгжүүд маань энэхүү бүтээн байгуулалтад оролцож бизнесээ өргөжүүлэх боломж бүрдэнэ. Замын ажил цэгцэрсний дараа замын дагуух шинэ суурьшлын бүсүүд бий болж, 300-400 мянган хүнтэй дагуул хотууд бий болно гэж харж байгаа аж.