Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хурлаа өндөрлүүлж, нэр дэвшигчдээ зарлалаа.
УИХ-ын ээлжит сонгуульд АН-ын шинэхэн гишүүд өөрсдийн төрсөн нутагтаа нэр дэвшинэ. Тодруулбал, Ардчилсан намд элсээд удаагүй УИХ-ын гишүүн С.Жавхлан Увс аймагт, харин О.Баасанхүү Орхон аймагт нэр дэвшихээр болсныг АН-ын ҮБХ-ны шийдвэрийг танилцуулах үеэр мэдэгдлээ.
Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү мэдээлэл хийх үеэрээ "ҮБХ-ын нууц санал хураалтаар тодруулсан 76 нэр дэвшигч нь ажил мэргэжлийн хувьд 46 хувь нь эдийн засагч, санхүүч 33 хувь нь хуульч, эрх зүйч 7.6 хувь нь инженер мэргэжилтэй байна.
Нийт нэр дэвшигчдийн 71.4 хувь нь шинэ хүмүүс буюу өмнө нь удирдах албан тушаал, сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй. Насны бүлгийн хувьд нийт нэр дэвшигчийн 50 орчим хувь нь залуучууд байгаа бөгөөд дунд, ахмад үеийн хэлхээн дээр 29 тойрогтоо нэр дэвшигчдээ илгээж байна" гэсэн юм.
У.БИЛГҮҮН