Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь яах аргагүй түгжрэл. Энэ их түгжрэлийн үеэр Төрийн өндөрлөгүүд дуут машин ашиглаж, замын хөдөлгөөн хааж явдаг нь түгжрэл үүсгэх том шалтгаан болдог хэмээн иргэд ихээхэн бухимддаг. Тэгвэл Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар дарга нар дуут машин ашиглан, урсгал хааж явдагийг болиулах албан бичгийг ЗГХЭГ-т өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн байна. Хэрэв ЗГХЭГ-аас үүнийг дэмжвэл дарга нар зам хааж, хөдөлгөөнд оролцдог асуудал гарахгүй аж.
Энэ талаар тэрбээр "Дарга нарын цувааг хуулиар зохицуулах шаардлагатай. Тиймээс би өнгөрсөн долоо хоногт Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг ЗГХЭГ-т хүргүүлсэн. Энэ байдал түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Төрийн тусгай хамгаалалтын хуулиар олон жил ингэж явж байгаа. Гэхдээ тухайн үед түгжрэлгүй байсан. Энэ асуудал анх удаа сөхөгдөж байгаа юм биш. Одоогоор 15 жилийн өмнө ЗГ-ын түвшинд яригдаад Төрийн тусгай хамгаалалтынхан тухайн үед болохгүй гээд буцаасан байдаг" гэлээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.