Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон билээ. Нийт 14 удаа тус одонг олгосон байдаг бөгөөд энэ жил тус одонг хэн хүртэх вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна.
Харин Чингисийн одонгоор шагнагдах хүний нэрийг хэзээ зарлах талаар ЕТГ-аас тодруулахад "Ирэх Лхагва гарагт зарлахаар болсон" гэлээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн өдрүүдэд тус одонгоор ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж болон "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан нарын нэрс гарч ирсэн боловч эл мэдээллийг ЕТГ-аас үгүйсгэсэн юм.