Манай гараг өчигдөр найман тэрбум иргэнээ хүлээн авсан. Наймдахь тэрбум иргэнээр Монгол гал голомтоос төрснийг гадаадын сайтууд онцолжээ. Тодруулбал, Австралийн нийслэл хот Канберра хотод ажиллаж, амьдарч буй Эрдэнэцогтын Лхагвасүрэн, Батжаргалын Ананд нар өчигдөр шинэ хүнээ өлгийдөн авсан нь энэ юм. Тэд хүүдээ Мэргэн гэдэг нэр хайрласан бөгөөд эх хүүхдийн бие энх байгааг Австралийн https://www.canberratimes.com сайт тэмдэглэсэн байна.
Энэ тухай хүүгийн аав Б.Ананд "Шинэ улсад ирээд шинэ хүнээ өлгийдөн авлаа. Миний хүү НҮБ-ийн тооцооллын дагуу дэлхийн хүн ам 8 тэрбум хүрэх өдөр Аав Ээждээ ирж хэзээ ч мартагдахааргүй том бэлэг барилаа. ( 8 тэрбум дахь хүнийг нарийн тодорхойлох боломж байдаггүй учир энэ өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг юм байна шүү.
Миний хүү Австрали улсын нийслэл Канберра хотод энэ өдөр төрсөн ганц хүүхэд байна гэж эмч маань хэлээд бидэнд хандсан билээ). Хамгийн мундаг ажлыг хийсэн хайрт эхнэр Лхагвасүрэндээ баярлаад баршгүй нь" хэмээжээ.