Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: АН хагараагүй. Харин гадны санхүүжилттэй Х.Баттулга болон эрх баригчид л хагалахыг хүсч байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
15 минут 30 секунд
Гэрэл зургийг mpa.mn


АН-ын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН саяхан эвлэрлийн уулзалтууд хийж, нэгдэх асуудлаа нэлээд шуугиантайгаар эхлүүлсэн. Гэтэл үр дүн нь тодорхой бус, эргээд чимээгүй болчихсон нь юутай холбоотой вэ?

-Аливаа асуудал хүн хоорондын харилцаан дээр тогтдог. Тэгэхээр хүмүүс хоорондоо уулзана. Эвлэрэл, зөвшилцлийн ажлаа эхлүүлж байна гэдэг бол сайн үр дүн. Би үүнийг сайн талаас нь харж байгаа. Нөгөө талаасаа, хэдийгээр АН-ыг өнөөдөр дотроо хагарсан мэт ярьж, харагдуулах гэж хүсэж байгаа улс төрийн болон гадаад дотоод хүчин зүйлүүд байна. Үүнийг бодитоор харах ёстой. Яг чухамдаа АН яг одоо яаж хагарчхаад байгаа юм. Тийм зүйл байхгүй л дээ.

Харин үүний цаана гадаад, дотоодын санхүүжилттэй, нөлөөлөл оролцоотой ардчиллыг “боомилох” гэсэн Ардчилсан намыг нураах, хагалах, хүчгүйдүүлэх гэсэн энэ үйл ажиллагаа нарийн зохион байгуулалттайгаар сүүлийн хэдэн жил явлаа гэж би харж байгаа. Ялангуяа манай намын дэмжлэгтэй гарч ирсэн тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөр өнөөдөр харь гүрний санхүүжилттэй, тэдний зохион байгуулалттай үйл ажиллагааны төлөөлөгч болоод сүүлийн хэдэн жил ажилласан ийм мэдээ бий. Энэ нь үйл явдлуудаараа ч тодорхой болсон.

Тухайн үед АН-аас дэвшиж, Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн хэдий боловч бид нэгэнт үзэл санаа, үнэт зүйлээсээ ухарч үгүйсгэсэн, аливаа үг, үйлдэл гаргаж байгаа хэн ч байсан манай нам тууштай үүнийг эсэргүүцнэ. Энэ байр суурь дээрээ бид хатуу зогсох ёстой. Би үүгээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр тодорхой түвшинд гадаад, дотоодын санхүүжилттэй үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу АН-ын эрх мэдлийг булааж авах гэсэн, манай намыг хагаралтай мэт харагдуулж нэр хүндийг унагаах гэсэн ийм үйл явдлын эсрэг бид тэмцэнэ.

Энэ нь нийгэмд ойлгогдохоороо АН дотроо хагаралдаад байгаа мэт харагдаж байгаа. Гэтэл үгүй. Нуулгүй хэлэхэд, манай зарим эрх баригчдын оролцоотой, шууд хэлэхэд манай хойд хөршийн оролцоотой, тэдний санхүүжилттэй явж байгаа үйл ажиллагаа юм.

Монголд Ардчилал хэзээ дуусна, тэр цагт Монголын тусгаар тогтнол байхгүй болно

-Сүүлд таныг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талтай зөвшилцлийн уулзалт хийж гар барилаа гэдэг мэдээлэл нам дотроо багагүй маргааныг дагуулсан. Бүр тодруулбал, танай намын гишүүн О.Баасанхүү, М.Тулгат тэргүүтэй хэсэг хүмүүсийн илэрхийлсэн шүүмжлэл, байр суурийг та юу гэж дүгнэх вэ?

-Бид өнөөдөр үнэт зүйл, үзэл санаан дээрээ л бат зогсох ёстой. Хэн нэгэн хувь хүний байр суурь руу дайраад байж болохгүй байхгүй юу. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл өнөөдөр С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын даргын суудал, тамга тэмдэгтэй зууралдаад байгаа биш шүү дээ.

Би энэ ардчиллын төлөө 32 жил тэмцсэн хүний хувьд намыг анх үүсгэн байгуулахаас нь эхлээд нөхөдтэйгөө мөр зэрэгцэн өдий хүртэл тэмцэж байгаа улстөрч хүн. Тиймээс ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйлийг хадгалж хамгаалах нь миний туйлын зорилго. Үүнийг би миний үүрэг гэж ойлгодог. Ямар ч байсан АН-ын үнэт зүйл, үзэл санааг хэн нэгэнд луйвардуулахын тулд өнөөдөр энд есөн шидээрээ хэлүүлээд зогсож байна. Цаашдаа ч би тууштай зогсох болно.

Яагаад гэвэл энэ нь зүгээр нэг АН-ын эрх ашгийн асуудал биш. Ардчилал гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Монголд Ардчилал байгаа цагт улсын тусгаар тогтнол баталгаатай байна. Монголд ардчилал хэзээ дуусна. Тэр цагт Монголын тусгаар тогтнол байхгүй болно.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзаж зөвшилцөх талаар ярилцсан нь үнэн үү. Хэрвээ тийм бол ямар шийдэлд хүрсэн бэ?

-Би Х.Баттулга гэдэг хүнтэй уулзаагүй бараг 2 жил болсон байна. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс өмнө нь бид хоёр утсаар ярьсан байдаг. Тэрнээс хойш бид хоёр ерөөсөө холбогдоогүй. Ийм хий, хоосон харлуулалт, гүтгэлэг газар авахгүй л дээ. Миний хувьд энэ хүнтэй уулзаагүй. Уулзах тухай бодол, төлөвлөгөө ч одоогоор байхгүй байна.

-АН 2012-2016 онд засаг барьж байх үеийн Монгол Улсын төсвийн алдагдал 5.9 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол одоо эрх баригч МАН-ын үед алдагдал 2 дахин өссөн байна л даа. Төсөв дээр АН ямар байр суурийг илэрхийлж байгаа вэ?

-Ер нь ирэх оны төсөв бол тооцоо судалгаа муутай, бодит амьдрал дээр буугаагүй. Хэрвээ 2023 онд яг энэ төсвөөр явбал улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндрэхээр байгаа. Цаашлаад “дефолт” ч зарлаж магадгүй байдалтай байна. Иргэдийн амьдрал үүнийг дагаад хэд дахин дордох ийм нөхцөл үүсэхээр байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх ёстой.

Сөрөг хүчин гэдэг бол сөрөхийн нэр биш шүү дээ. Улс орны аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад сөрөг хүчний гол зорилго оршдог шүү дээ. Тиймээс бид өнөөдөр эрх баригчдын гаргах гээд байгаа алдааг урьдчилж шаардлагуудаа тавьж байна.

Энэ утгаараа Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу төсөвт бүхэлд нь хориг тавихыг шаардсан мэдэгдлийг хүргүүлсэн.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригч намын мөнгөө өгч захиалсан хөгжмийг тоглож байна

-АН- ын даргын хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлэг ямар байдлаар ажиллаж байна гэж та дүгнэж байгаа вэ. Нам өөрөөр бүлэгтэйгээ ойлголцож чадаж байна уу?

-Шуудхан хэлэхэд, УИХ дахь АН-ын бүлэг маш хангалтгүй ажиллаж байгаа. Уг нь өнөөдөр бүлгийн гишүүд маань сөрөг хүчний гол манлайллыг үзүүлээд, УИХ дахь дуу хоолой болоод явах ёстой байсан.

Харамсалтай нь, 2020 оноос хойш дуу хоолой болж чадалгүй явсаар сонгуулийн хугацаа төгсгөл рүүгээ орж байна. Энэ хооронд яав. Нөгөө л эрх мэдэл, албан тушаал, сандал суудлын наймаа, хэн мөнгөө төлнө тэр хөгжмөө захиална гэдэг шиг өөрсдийг нь хэн захиалсан юм, тэр захиалсан эзэндээ үйлчилсээр байгаад л ирлээ шүү дээ. Хатуу ч гэсэн үнэнийг хэлэх ёстой.

Ер нь бол бүлгийн зарим гишүүдтэй АН хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, манай Д.Ганбат гишүүнээс эхлүүлээд гишүүд байна. Эдгээр гишүүд маань ч мөн үүргээ маш сайн биелүүлж байгаа. Гэхдээ бүлэг маань бүхэлдээ шаардлага хангаж ажиллахгүй байгаа. Тиймээс эдгээр гишүүд асуудлаа ойлгож үндсэн чиг үүргээ биелүүлж, намын үзэл санаа, үнэт зүйлээ зөвөөр тодорхойлж ажиллаасай л гэж боддог.

-АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбатыг бүлгийн даргын тамга тэмдгээ албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Өрөөгөө ч суллаж өгөөгүй гэх асуудал бүлгийн шинэ дарга О.Цогтгэрэл дээр удаа дараа яригдаж ирснийг юу гэж тайлбарлах вэ?

-О.Цогтгэрэл гишүүн албан ёсны бүлгийн дарга биш. УИХ-ын тухай хуулийн 31.1 дээр найм ба түүнээс дээш хүний санал авсан нам, эвсэл, УИХ-д бүлэг байгуулж болно гэсэн байгаа. Болно гэдэг нь нөгөө утгаараа болохгүй ч байж болно гэсэн санаа. Яагаад гэвэл, 2012 онд МАН тухайн үед цөөнх болоод бүлэг байгуулах хуулийн хугацаа өнгөрчихсөн бүлгээ байгуулж чадаагүй. Тус нам бүлэггүй жил гаруй явсан. Тухайн үед АН санаачилга гаргаж, МАН-ыг бүлэгтэй болгож байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр эргээд харахад О.Цогтгэрэл гэдэг хүнийг АН-аас албан ёсны бүлгийн даргад дэвшүүлээгүй шүү дээ.

О.Цогтгэрэл Үндсэн Хуулийн өөрчлөлтөөр МАН-тай "наймаалцаж" бүлгийн дарга болсон

-Одоо тэгтэл шинэ тамга хийлгэсэн шүү дээ. Аль нь хуурамч, жинхэнэ гэж ялгах юм бэ?

-Тэр тамгаа эрх баригчдаас л авсан байлгүй дээ. Лав л манай намаас аваагүй. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар хууль ёсны тамга Д.Ганбат дарга дээр байгаа. Хууль ёсны бүлгийн даргын ажлаа өгөөгүй байгаа. Хууль ёсныхоо дагуу өрөөндөө суугаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байгаа.

Гэтэл УИХ-ын тухай хуулийн 31.12 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах замаар олонхтой нийлж, тэдний дэмжлэгийг авч О.Цогтгэрэл тэргүүтэй манай зарим гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “наймаалах” замаар дэмжлэг авсан. Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлт дээр манай бүлгийн 6 гишүүн орж дэмжсэн кноп дараагүй байсан бол Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдахгүй байсан.

Тэгэхээр тэр зургаан кнопыг дарж өгснийхөө төлөө УИХ-ын тухай хуулийн 31.12-т орсон нэмэлт өөрчлөлтийг батлуулсан. Ингэж бүлгийн даргын суудлыг “хуульчилсан дээрэм” буюу хүчээр булааж авах үйл ажиллагаа явуулсан. Энэ нь өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсээд явж байна. Үндсэн хуулийн маргаан үүссэн аливаа хууль өөрөө түдгэлзэж байдаг.

Тиймээс УИХ-ын тухай хуулийн 31.12 бол одоогоор хэрэгжих боломжгүй. Нөгөөтээгүүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, улс төрийн наймаа хийх замаар ашиг сонирхлоо хангаж явж байгаа нь өөрөө маш олон хуулийг зөрчиж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн хууль санаачлахдаа өөрийн эрх ашиг сонирхлыг хангахын тулд хууль санаачлах замаар асуудлыг шийдвэрлэхийг хуулиараа хориглосон байдаг шүү дээ.

Гэтэл яагаад О.Цогтгэрэл гэдэг хүн бүлгийн дарга болохын тулд, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулж байгаа юм. Хуулиа батлуулахдаа яагаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр наймаа хийж батлуулж байгаа юм. Энэ чинь цаад утгаараа хуулийг хууль бусаар ашиглаж өөртөө хуулиар олгогдоогүй эрхийг хуульчилсан дээрэм маягаар ач байгаа ийм хэлбэр.

-Улс төрийн хүрээнийхний дунд С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН гээд л ярьдаг. Үнэхээр хоёр талаасаа зөвшилцлийн уулзалт хийе, сонгуулиас өмнө нэгдье гэдэг асуудал яригдвал та яаж хүлээж авах вэ?

-Өнөөдөр С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН гэж байхгүй. Монголд нэг л Ардчилсан нам байгаа. Хэн нэг нь гудамжнаас орж ирээд манайх гээд булаалдаад эхэлбэл аль нь хууль ёсны байх вэ гэдэг асуудал яригдаж эхлээд байгаа юм. Х.Баттулгын АН гэж яриад байгаа хүмүүст хүнд үзүүлэх юу байгаа юм. Жишээ нь, Х.Баттулгын гээд байгаа талыг Улс төрийн намын тухай хуулийн дагуу Улсын Дээд шүүх хэдэн оны хэдэн сард бүртгэчихсэн юм. Түүнийг нь үндэслээд УБЕГ хэзээ тэр хүмүүст гэрчилгээ олгочихсон юм. Тэд нарт хууль ёсны тамга байгаа юу. Надад бүгд байна.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гэдэг хүний толгойлж байгаа Ардчилсан намд бусдад үзүүлэх бичиг баримтууд нь байна. Үүнээс өөр юугаар бид хууль ёсны нам гэдгээ нотлох ёстой юм. Шулуухан хэлэхэд өөрсдийгөө тэрний нам, энэний нам гэж хэлж, дур мэдэн байгууллагын нэр ашиглаж туг, логог нь ашиглаад явж байгаа нь гэмт хэрэг шүү дээ.

-2024 оны сонгууль хаяанд ирчихлээ. Энэ хооронд Ардчилсан нам дотоод асуудлаа яаж шийдэх гэж байгаа юм бэ. Нэгдэл дээрээ төвлөрөх үү?

-Нэгдэл гэдэг дээр би тодруулж хэлье. Яг хэнтэй нэгдэх гээд байгаа юм. Ардчилсан нам нэг л нам шүү дээ. Тэр хэвээрээ л байгаа. Мэдээж тодорхой хэмжээний үл ойлголцол үүссэн асуудал бий. Түүнийгээ бид даван туулаад л гарна. Хамгийн гол зүйл бол Ардчилсан нам шинэ дүрмийнхээ дагуу реформ өөрчлөлтүүдийг эхлүүлээд явж байна. Бид үүнийг оноос өмнө нэг талдаа гаргасны дараа ирэх онд гадагшаа чиглэсэн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжинэ.

-Намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан гэж ярилаа. Тэгэхээр бүлэг дээр яригдаж байгаа хууль зөрчсөн гэх зарим гишүүддээ ямар хариуцлага тооцох вэ?

-Эдгээр хүмүүсийн цөөнгүй нь намын дүрмийн дагуу хариуцлага хүлээгээд АН-ын гишүүнээс тодорхой хугацаагаар хасагдчихсан байгаа. Ардчилсан намыг төлөөлөх, намын гишүүний эрх үүргийг эдлэх эрхээ хасуулсан хүмүүс цөөнгүй бий гэдгийг хэлэх ёстой.

НАЙМАН ТЭРБУМ дахь иргэн Филиппин улсад мэндэлжээ
НАЙМАН ТЭРБУМ дахь иргэн Филиппин улсад мэндэлжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.