"Мишээл экспо" худалдааны төвийн "Food street" хэсэгт гал гарч, шатсан талаар мэдээлсэн. Тодруулбал, гал өглөөний 06.00 цагийн орчимд гарсан байна. Онцгой байдлынхан галын дуудлагын дагуу шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраажээ. Гал чухам юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Биднийг 09.00 цагийн үед очиход онцгойгийнхон галыг бүрэн унтраагаад явсан байлаа. Мөн тус газрыг хамгаалалтад авч, хэд хэдэн газ баллоныг гарган тавьсан байв.
Хамгаалалтын албанаас мэдээлэл өгөхгүй гэсэн бөгөөд түрээслэгч нарт маргаашаас хэвийн ажиллана гэх зарыг хүргэжээ.
Ингээд нэгэн түрээслэгчээс нөхцөл байдлыг тодруулахад "Бидэнд гал гарсан талаар мэдэгдээгүй. Өглөө ирээд гал гарсан тухай мэдлээ. Гэхдээ хоолны 2,3 газар л галд өртсөн байна. Ер нь нөхцөл байдал харьцангуй гайгүй байна.Маргааш үйл ажиллагаа хэвийн явагдана гэж бидэнд хэлсэн" хэмээлээ.