Ардчилсан нам 2024 оны сонгуулиас өмнө эвлэрч хүчээ нэгтгэх зорилгоор шуурхай хөдлөх болсон. С.Эрдэнийн хэлснээр "Үүлэн чөлөөний нар"-ыг ашиглах боломж тэдэнд ирсэн ч байж болох юм. Тэгвэл АН-ын гишүүд эв нэгдлийн бэлэг тэмдгээ Ардчиллын алтан хараацайн дүрээр ил гарч ирсэн С.Баярцогтыг гэж харах болсноор илүү их итгэл найдвар тээх болжээ.
Гэхдээ мэдээж энэ үйл явцыг зүгээр хараад суухгүй эрх баригч нам аль хэдийн нүүдлээ зураглаж, шийдлээ тунгааж суугаа нь тодорхой. Тэр нүүдлээ сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар дамжуулах болсон нь илт.
Тодруулбал, АН-ынхан эвлэрлийн ширээний ард хэд хэдэн удаа суусан сургаар гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж, хохироосон хэргүүдийг ХЗДХ-ийн сайд яаруу сандруу мэдээлж дахин сануулга өгөх гэж оролдсон. Уг нь тухайн үед Х.Нямбаатар сайд БНСУ-д томилолтоор явах төлөвлөгөөтэй байсан ч намын эрх ашгаа тэргүүнд тавьж, үндсэн тактикаа хэрэгжүүлсэн нь энэ.
Тэрбээр, Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон гэх нийт 51 хэргээс хэдэн кэйсыг онцолж дурдахдаа Японы “Суруга” компанийн газрыг хууль, хүчний байгууллагын том дарга нар тонон дээрэмдсэн хэргийг онцолж, хэрэгт Зам тээврийн сайд асан А.Гансүхийг дурдсан байдаг. Өөр нэгийг онцолсон нь “Алтан Дорнод Монгол” ХХК-иас 2011 онд 4 сая ам.доллар авсан гэх Д.Дорлигжавын хэрэг хэрэгсэхгүй болсон байсан ч сэргээн шалгахаар болж, мөн түүнийг Японы хөрөнгө оруулагчаас зочид буудал дээрэмдсэн асуудал шинээр яригдаж, давхар нягтлах болсон талаар хэлсэн нь анхаарал татах болов.
Тэгвэл олноос онцгойрон хэрэгт цоллуулсан ҮАБЗ-ийн дарга асан А.Гансүх бол экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн. Х.Баттулга аль эртнээс буюу Зам тээврийн сайдаар ажиллаж байхаасаа л түүнийг дэд сайдаар томилж, дараа нь сайдаар нь хүртэл томилуулж байв. Хожим улсын Ерөнхийлөгч болсныхоо дараа ҮАБЗ-ийн даргаар томилж ажиллуулж байв. Харин Д.Дорлигжавын хувьд мөн л экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын хүн байж ирсэн. УЕП гэх хариуцлагатай, нэр төртэй албыг түүнд өгч баахан шүүмжлүүлсэн. Дараа нь “крандан” байж, хуулийн сайдаар томилуулж, Х.Тэмүүжингийн хамаг шинэчлэлийг “нураалгасан” түүхтэй. Энэ утгаараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн сул тал Д.Дорлигжав болж байгаа нь тодорхой.
АН-ыг сугандаа хавчуулсаар сонгуульд орох адын бодол МАН-ынханд хангалттай байгаа. Гэвч Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр АН-ынхан нэгдэж, бүр С.Баярцогтод нам нь очиж магадгүй болсон тул ирэх сонгуулийн өмнө тэдэнд “нус” наах шаардлагатай. Тэр нь АН-ын үндсэн хоёр том бүлэг болох Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын ойрын хүмүүсийн гэмт хэрэг. Сонгууль дөхөх тусам Д.Дорлигжав, А.Гансүх тэргүүтнүүдийн холбогдсон гэх хэргийн “уяа”-г эрх баригчид цагдаагаараа дамжуулан чангалах болно. Тэр гогцоо нь явж, явж Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар дээр нь эцсийн дүндээ чангарах байх.
Тиймээс л Х.Нямбаатар сайд Солонгост явах албан ажлаа хойшлуулан байж гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн хэргийн талаар чухалчлан ярьсан бололтой.
Б.Мягмарсүрэн