Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхболд: Үндсэн хуульд хүрэхгүйгээр бусад хууль тогтоомжид сонгуулийн тогтолцоо руу чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 57 секунд

Улс төрийн хүрээнд ҮХНӨ-ийг ойрын хугацаанд хийх үү гэдэг асуудал асуултын тэмдэг болсон хэвээр байна. Эрх баригчдын зүгээс ҮХЦ-ийг "ашиглаж" гишүүддээ "давхар дээл" углуулснаас хойш нийгмийн хэрэгцээ шаардлагын хүрээнд ҮХНӨ-ийг хийж тогтолцооны өөрчлөлтийг заавал хийх ёстой "ял"-д унаад буй.

Түүнчлэн ҮХНӨ-ийг ирэх оны төсвийг баталсны дараагаар УИХ-аар хэлэлцэж магадгүй гэдэг таамаг улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж буй юм. Тэгвэл УИХ-д одоо байгаа гишүүдээс хамгийн олон сонгогдсон УИХ гэх институтын шат шатны даргаар, ЗГ-т сайдаар ажиллаж байсан туршлагатай парламентч Н.Энхболд Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа ҮХНӨ болон сонгуулийн тогтолцоотой холбоотой нэгэн сонирхолтой байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Тойрогтоо мөнгө татдаг, тавиулахыг хичээдэг асуудлыг ганцхан гишүүн болох хүсэлтэй холбоотой гэж ойлгох нь учир дутагдалтай. Манай улсын сонгуулийн тогтолцоо ямар ч гишүүнийг тодорхой хэмжээгээр тойрогтоо анхаарч ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдал руу түлхэж байгаа. Тэгэхээр яах аргагүй сонгуулийн тогтолцооны асуудлыг хөндөхөөс аргагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа Монгол Улсын Цэцээс гаргасан хэд хэдэн шийдвэрүүдийн ерөнхий агуулга нь урт хугацааны, тогтвортой хөгжлийн асуудалд илүү анхаарал тавихад түлхсэн, тогтолцоотой байхад болохгүй зүйлгүй гэсэн утга бүхий дүгнэлт гаргасан. Тиймээс цаашид Үндсэн хуульд хүрэхгүйгээр бусад хууль тогтоомжид сонгуулийн тогтолцоо руу чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгааг харуулж байна. Зарим хүмүүс шүүмжлэлтэй л хандаж байгаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар олон парламент дамжин яригдсан. Зөвхөн одоогийн парламентын гишүүд яриад, хөндөөд байгаа асуудал биш. Болохгүй байгаа, өөрчлөх ёстой бол өөрчлөх л учиртай” гэлээ.

Үүнээс харвал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тойрч, товчлох замаар дагалдах хуулиар дамжуулан сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж болох асуудлыг хөндсөн нь зүгээр ч нэг яриа биш ажээ. Сонгуулийн жил ойртож байгаа энэ үед улстөрчдийн хүрээлэлд уг асуудал нь халуун сэдэв болж байгаа нь тодорхой. Учир нь өнгөрсөн зургаадугаар сард ҮХЦ-ээс гаргасан шийдвэрээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр харин дагалдах хууль болох сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг нээсэн нь дээрх агуулгатай уялдаж буй.

Тэмээ хариулахаар яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ
Тэмээ хариулахаар яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.