УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Шүгэл үлээж байгаа этгээд бүх талаар хууль зүйн хамгаалалт авч байна. Аюулгүй талаасаа, нөгөө талдаа урамшуулал ч авах боломжтой болж байгаа юм байна. Харин улс төрийн эсвэл хувийн өш хонзонгийн сэдлээр алдар нэр хүндийг унагах зорилго бүхий үйлдэл хийчихээд дараа нь хариуцлага хүлээхгүй, гүтгүүлээд дуусдаг байдалд хэтэрхий нэг талыг барьсан хууль болох вий. Бүх юмаа Төрийн болон албаны нууцаар хаачхаад, энэ заалтыг өөрчлөхгүй бол Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дэмжих боломжгүй гэж үзэж байна.
Нууцын тухай хуулийн цаана том төсөл хөтөлбөрүүд дээр авлига, ашиг сонирхлын асуудлууд чинь байна. Энэ болгоноо хууль оруулж ирээд нууцын зэрэглэлд хамаатай гэж хаачихаад Шүгэл үлээгчийн хуульд хамаарахгүй гэчхээр гол байгаа онохгүй байгаа юм биш үү" гэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Томоохон төсөл хөтөлбөрийн ард томоохон авлига яригддаг гэж зөв. Жишээлэбэл, "Голомт" банк хажуудаа компани байгуулаад л, ямар ч тендергүй оффтек нөхцөлөөр төмөр замын төслийг аваад явж байгаа. Төмөр замын төслийг авахдаа төртэй байгуулсан оффтек гэрээнийх нь нөхцөл нь нэг дүнтэй, цаашаа зарж байгаа гэрээнийх нь үнэ бас өөр. Дахиад дараагийн төсөл авна гээд явж байгаа. Банк бол банкныхаа л ажлыг хийх ёстой. Энэ асуудлууд дээр бид шүгэл үлээх ёстой. Иймээс таны хэлж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуульд бид өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар аж ахуйн шинж чанартай төсөл хөтөлбөрүүдийг төрийн болон албаны нууцад хамааруулахгүй байна гэх зохицуулалтыг оруулахаар ХЗДХ-ийн яаманд Ажлын хэсэг гараад Төрийн нарийн бичгийн дарга Т.Сайнзоригоор ахлуулаад явж байгаа. Б.Энхбаяр гишүүн ч энэ тухай хэлж байгаа.
Энэ матаас биш. Бүх дунд салбарт авилга тасрахгүй байна. Хууль хяналтын байгууллага дийлэхгүй, олон нийтийн хяналтын дор шийдье л гэж байгаа юм" гэлээ.