Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн хэрэг гарч, олны цочирдуулсан. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас "Тухайн жолооч 29 настай эмэгтэй, жолооны курст суугаагүй, хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллахад согтууруулах ундаа , сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй нь батлагдсан" гэх мэдээллийг өгөөд буй.
12 настай охиныг мөргөж гэмтээсэн автомашиныг жолоодож явсан гэх шүдний эмч мэргэжилтэй Ч.Маралмаа нь "Sun medical center Ulaanbaatar" эмнэлэгт эрүү нүүрний их эмчээр ажилладаг аж. Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн мэдээллийн санд Ч.Маралмааг "Мета Юү Эс Эм мед" ХХК-ийн эцсийн өмчлөгч гэж бүртгэжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр хувьдаа компанитай нэгэн аж. Тус компани нь бизнесийн болон менежментийн зөвлөгөө өгөх, барааны дэлгүүр, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Түүнчлэн цахим орчинд зам тээврийн осол гаргасан жолоочийг эрх бүхий албан тушаалтны охин гэх мэдээлэл гарсныг цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн. Тэгвэл түүний аав Э.Чингэс нь нэр бүхий боловсрол сургалтын байгууллагад ажиллаж байсан нэгэн байдаг аж.