“Өргөө амаржих газар”-ын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудалд Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг буруутгаж улмаар түүнийг “сошиалаар ажлаа хийлээ” гэсэн шүүмжлэл багагүй гарах болсон. Тэгвэл Ж.Энхцэцэгийг ямар үндэслэлээр чөлөөлсөн талаар ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэгээс тодрууллаа.
-Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өргөө амаржих газар”-ын захирал Ж.Энхцэцэгийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлөх тушаал гаргалаа гэсэн шүүмжлэл их байна. Ямар шалтгааны улмаас Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон бэ?
-Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг даалгаварын дагуу есдүгээр сарын 20-нд ЭМЯ-ны Хяналт, шалгалт, дотоод аудитын газрын мэргэжилтнүүд “Өргөө амаржих газар”-т очиж өмнө нь өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангасан эсэхийг шалгасан байдаг. Шалгалтаар тухайн зөвлөмж, даалгавар хэрэгжээгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 4-ний өдөр ЭМ-ийн сайд С.Энхболд “Өргөө амаржих газар”-ын захирал Ж.Энхцэцэгийг дуудаад үнэлгээний талаар тайлбар сонссон.
Ж.Энхцэцэг дарга тухайн үед ёс зүйн хорооны дүгнэлт, Хяналт шинжилгээ, дотоод аудитын дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Үүний дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг тухайн үед өгч байсан.
-Ажлаас чөлөөлөх сонсох ажиллагааг явуулсан юм уу?
-Уржигдар буюу аравдугаар сарын 12-ны өдөр Ж.Энхцэцэг даргыг чөлөөлөхөөр хуулийн дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж, ажлаас чөлөөлөх тушаал нь өчигдөр гарсан. Тэгэхээр ЭМ-ийн сайдыг “сошиалаар ажлаа хийлээ” гэсэн шүүмжлэл ямар ч үндэслэлгүй зүйл. Учир нь энэ долоо хоногт шийдвэрийг нь өөрт нь амаар урьдчилж мдэгдсэн байсан л даа. Ажлаас чөлөөлөх эсэхийг сонсох ажиллагаа явуулах үед ЭМЯ-ны гадаа хэвлэлүүд ирчихсэн байсан. Тухайн хэвлэлүүд сонсох ажиллагаа хийгдэж байгааг яаж мэдэж ирсэн нь хачирхалтай санагдсан. Ингээд өчигдөр өглөө Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийнхэн ажил хүлээлцэхээс өмнө яаран хурал хийж “Өргөө амаржих газар”-ын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлөхгүй бол ЭМ-ийн сайд С.Энхболд өөрөө огцор гэх мэтийн мэдэгдэл хийснийг бид бас гайхаж байгаа. Учир нь ажлаас чөлөөлөх шийдвэр өмнө нь гаргачихсан байсан бөгөөд урд өдөр нь сонсох ажиллагаа явуулсан байхад гэнэтийн байдлаар мэдээлэл хийж, ЭМ-ийн сайд руу чиглэсэн улс төржсөн мэдэгдэл хийнэ гэж огт бодоогүй.
Албан ёсоор хэлэхэд “Өргөө амаржих газар”-ын захирал Ж.Энхцэцэгийг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлж “сошиалоор ажлаа хийсэн зүйл огт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.