Өнгөрөгч баасан гараг буюу /2022.10.07/-ны өдөр 16 настай охин өөрийгөө цагдаагийн байгууллагаас явж байна хэмээн танилцуулан, ЕБС-ийн гурван сурагчийг мэдүүлэг авна гэж сургуулиас нь авч гарахыг завдсан хэрэг гарсан. Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйг эрэн хайж, хэн гэдгийг нь тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байсан.
Тэгвэл тус охиныг сурагч дээрэмдэж байхад нь баривчилсан байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай эрэгтэй хүүхдийг үл таних хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Шалгалтын явцад уг гэмт хэргийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай, эмэгтэй, А гэгч нь үйлдсэн болохыг тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тэрбээр 28 дугаар сургуулиас 3 охиныг цагдаагийн албан хаагч байна гэж худал хэлж авч гарах гэж байсан 16 настай охин болох нь тогтоогджээ.
Иймд бага насны хүүхдийг хуурч залилах, эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэргээс төрлийн гэмт хэрэг урьдчилан сэргийлж хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аливаа төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.