Хянан шалгах түр хороо хуралдаж байна. Хуралдаанаар Хөгжлийн банкны мэдээлэл сонсож гишүүд асуулт асууж холбогдох албаны хүмүүсээс хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Надад ирсэн мэдээллээр 84 хүний асуудал прокурор дээр боогдсон гэж байна. Үүнтэй холбоотойгоор зээлээ төлсөн ч албан тушаалаа ашигласан, зориулалтын бусаар хөрөнгийг зарцуулсан тохиолдлууд эдгээр 84 хүнтэй холбоотой юу. Өөрөөр хэлбэл зээлээ төлсөн л бол хэргийг нь хааж байгаа юу?
Мөн Ж.Батзандан гэх хүн лайв хийснээ орой нь ачигдаад явчихлаа. Энэ хүн Хөгжлийн банкнаас туслахаараа дамжуулж зээл авсан асуудал нь сөхөгдсөн учир ачигдсан гэх мэдээлэл авлаа. Гэтэл зөвлөхөөрөө дамжуулж хэдэн зуун тэрбум төгрөгийн зээл авсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэх хүний асуудал хаана явж байна вэ?
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар: Хөгжлийн банкнаас зээл авсан зарим хүмүүсийн асуудлыг хэлж болох өрөөндөө хэлж болно. Энэ асуудлыг хаалттай хуралдаж ярилцана.
АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох: АТГ-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах ажлын хэсэг гарч Хөгжлийн банкны хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гишүүний асуусанчлан хэрэв зээлээ төлсөн бол эрүүгийн хариуцлагын асуудал яригдахгүй 84 хүний мэдээлэл авсан юм байна. Одоогоор гурван мөрдөн байцаалтын хэрэг, 26-н хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Эхний ээлжид 86 ялагдагчид холбогдох мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Зээл төлсөн эсэхээс үл хамаарч эдгээр 86 хүний гэм буруугийн асуудал яригдана.
Ж.Батзандан гишүүн асантай холбоотой асуултын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.