Сүүлийн хэдэн жил хэрүүл маргаантай байсан АН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд "Эвлэрэл"-ийн уулзалт хийсэн. Энэ талаар болон намын даргын асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодрууллаа.
-АН-ын "Эвлэрэл"-ийн уулзалтад гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн үү. Мөн АН-ын даргын асуудал хэзээнээс яригдаж эхлэх вэ. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?
-Бүх зүйлийг анхны байдалд аваачсан. Хоёр хүсэлт байсныг шийдвэрлэх боломжгүй гэсэн Дээд шүүхийн шийдвэр гарчихсан учир АН-ын гишүүд санаа зовинон уулзсан байна лээ. Энэ уулзалтын талаарх мэдээлэл нийгэмд тархсан. Гэхдээ тодорхой шийдэл дэвшүүлсэн асуудал байхгүй байсан.
-АН-ын бүлгийн үйл ажиллагаа Д.Ганбат даргаас шалтгаалан саатаад байна. Тиймээс бүлгийн шинэ дарга О.Цогтгэрэл өчигдөр шинээр тамга бий болгох нөхцөл бүрдэнэ гэдэг зүйлийг хэлсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд Монгол Улсад хууль засаглах ёстой гэж боддог. Цагаан дээр хараар бичигдсэн тэр хуулийн дагуу бүх ажил явагдах ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн дураараа аашлах асуудал байх ёсгүй гэж бодож байгаа.
-АН-ын гишүүдийн уулзалтын дараа О.Цогтгэрэл намын гишүүд эвлэлдэн нэгдэх санаачилга гаргаж байна гэж үзсэн. Энэ нь нийгэмд АН дахин маргаан үүсгэхгүй, талцахгүй гэсэн ойлголтыг төрүүлсэн. Тэгвэл энэ яг бодит байж чадах уу?
-Нэг удаагийн уулзалтаар ямар ч асуудал шийдэгдэхгүй. Олон уулзалт, ярилцлагууд явагдаж байж энэ асуудал шийдэгдэнэ.
-Уулзалтын гол шалтгаан нь яг юу байсан бэ?
-Үүнийг оролцсон гишүүдээс тодруулах нь зүйтэй байх.
-Намын даргагүй учир толгойгүй байна. Удирдлага байхгүй учир улс төрийн хүрээнд бодлогын түвшинд нөлөөлж чадахгүй байна зэрэг асуудал яригдаж байна. Намын даргыг сонгох асуудал яагаад удаашралтай байгаа юм бэ. Гишүүд үүн дээр ямар байр суурьтай байна?
-Сонгосон хэмжээндээ хуулийн дагуу дээд шүүхэд асуудлаа өгсөн. Гэвч дээд шүүхээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг хүлээн авах боломжгүй гэдэг хариулт өгсөн. Тиймээс ахин шинэ нөхцөл байдал үүссэн учир олон удаагийн уулзалт, ярилцлага хэрэгтэй.