Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганчулуун: Мандах, Ганчулуун хоёр тэс өөр ертөнцтэй хүмүүс

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
10 минут 12 секунд

Монголын кино урлагийн салбарт цензур тогтоож буй чадварлаг залуус бол яах аргагүй "Фантастик" продакшны залуус юм. Даруухан ааш, дөлгөөхөн зангаараа бусдаасаа ялгарч, зөөлхөн инээмсэглэлээр биеэ чимсэн та бидний сайн мэдэх "37-р Точка"-ын Болдоо буюу жүжигчин Б.Ганчулуун /Ганчу/-ыг энэ удаагийн ярилцлагын буландаа урьж ярилцлаа.

Түүнийг монголын ард түмэн Болдоогийн дүрээр хайрлаж, хүндэлдэг. Тэгвэл тэрбээр хамгийн сүүлд тэсрэлт хийсэн Зура II "Цурам ажиллагаа" киноны Мандахын дүрээр жүжигчин хүний ур чадвар, урлагийнхны хэлдэгээр ямар дотортой жүжигчин бэ гэдгээ батлан харуулсан.

-Зура II "Цурам ажиллагаа" кино нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Сэтгэгдлээсээ хуваалцаач. Хүлээлтээс тань хэр давсан бэ?

-Кино маань нээлтээ хийхийн өмнө маш их догдолж, айж, сандарч байсан. Харин одоо үзэгчдээрээ үнэлүүлээд магтаал сайшаал, шүүмжлэлийг сонсож байгаа учир илүү тайван болсон. Үнэхээр сайхан байна. Миний хувьд Зура II "Цурам ажиллагаа" кинонд Мандах хэмээх залуугийн дүрийг бүтээсэн.

Хэдий би "Фантастик" продакшны жүжигчин ч гэсэн эцсийн хувилбарыг төдийлөн мэдэхгүй шүү дээ. Тиймээс анх киногоо нээлтэн дээр үзээд арын баг, хамтран ажилласан жүжигчид гээд бүх хүмүүсээрээ маш их бахархсан, баярласан, хүлээлтээс давсан. Сэтгэл ханамж 100 хувь байсан.

-Үзэгчид таныг "37-р Точка"-ын Болдоогийн дүрээр хайрлаж, хүндэлдэг. Тэр ч утгаараа таныг яг л Болдоогоор төсөөлчихсөн байсан. Гэтэл Зура II "Цурам ажиллагаа" киноны Мандахын дүрээс тэс өөр хүнийг гаргаж ирсэн. Яагаад энэ дүр дээр ажиллах болов?

-Анх зохиол яригдаж эхлэхэд найруулагч маань бидэнд ямар дүр бүтээмээр байна. Түүнийгээ хэлж болно гэсэн. Миний хувьд Мандах хэмээх залуугийн дүрийг бүтээхийг дотроо маш их хүсч байсан. Тиймээс найруулагчдаа хүсэлтээ уламжлахад хүлээж авч, энэ дүр дээр ажиллах бололцоогоор хангасан. Тиймээс найруулагчдаа маш их баярлаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй.

-Мандахын дүр тантай буюу хувь хүнтэй тань хэр ойр байв. Эсвэл тэс өөр хүмүүс байв уу?

-Найруулагчид жүжигчиндээ заавал өөртэй нь адил дүр өгнө гэж байхгүй л дээ. Ямар ч дүр оноогдсон бай дүрийн судалгаагаа сайтар хийж тоглоно. Б.Ганчулуун Мандах хоёрын хувьд зарим нэг үзэл бодол нь нийлж магадгүй. Гэхдээ зан характер, хийж буй үйлдлүүд нь тэс ондоо, хоёр өөр ертөнцтэй хүмүүс.

-Таны дүрээс ялангуяа залуус нэгийг ойлгож, хоёрыг тунгаах ёстой мэт санагдсан. Яг л манай нийгэмд тулгарч буй хүндхэн асуудал, тэр дундаа залуусын үзэл бодлыг ийм байна гэдгийг гаргаж ирсэн байна лээ?

-Дүрийнхээ талаар дэлгэрэнгүй ярих нь зохимжгүй. Учир нь киног маань үзээгүй хүмүүс олон байгаа шүү дээ. Гэхдээ сонирхуулж хэлэхэд зарим залуусын дотроо бодож, шаналж явдаг, гадагшаа хэлж чаддаггүй багахан зүйлийг энэ дүрээр илэрхийлж гаргасан болов уу гэж хувьдаа бодож байгаа.

-Киноны дүрүүд маш өвөрмөц санагдсан. Тэгэхээр дүрүүдийг хэрхэн сонгосон талаар уншигчдад маань хэлж өгөхгүй юу?

-Бид энэ удаагийн бүтээл дээрээ өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй жүжигчидтэйгээ хамтран ажиллахыг илүү зорьсон. Маш чадварлаг, мэдрэмжтэй, авъяаслаг олон уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Үүндээ маш их баяртай байгаа.

-Мандахын дүр дээр ажиллаж байхдаа найруулагчдаа хэр их зэмлүүлсэн бэ?

-Зэмлүүлсэн гэхээсээ илүү найруулагчтайгаа ярилцдаг, зөвлөлддөг байсан. Найруулагч гэдэг бол жүжигчнээс түрүүлээд бүх зүйлийг, дүрийн шугамыг харчихсан байдаг учир зураг авалт эхлэхээс өмнө сайтар ярилцдаг. Тиймээс жүжигчин хувьдаа маш сайтар бэлдээд зураг авалтдаа ордог.

Магадгүй дутуу бэлдсэн эсвэл дүрээ ойлгоогүй бол найруулагч маань тайлбарлаж, ойлгуулж, зөвлөгөө өгнө. Мэдээж хүн гэдэг бол арван хуруу тэгш байхгүй учир алдаа гаргана, буруу ойлгоно, магтаал зэмлүүлэл авалгүй яахав.

"Фантастик" продакшны хамт олон бол эв нэгдэл, нөхөрлөл, үнэнч байдал

-Яагаад "Фантастик" продакшнд орсон бэ. Энэ талаараа уншигч, үзэгчидтэй маань хуваалцаач?

-Бид бүгдээрээ СУИС-д хамт суралцаж байсан. Ихэнх нь нэг анги. Харин О.Алдар маань бидний дээд курс байсан юм. 2008 онд бид СУИС-ийг төгсөөд анх "Фантастик" продакшнаа байгуулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хамтдаа ажиллаад, хичээгээд, хөдөлмөрлөөд явж байна. Хүний мөрөөдөл бол хязгааргүй. Бид мөрөөдөлдөө хүрээгүй, харин зүтгэсээр явна.

Биднийг сургуулиа төгсөж байхад Драмын театрт орно гэхэд маш өндөр босготой, хошин урлагийн продакшнуудад ороход ч өндөр шалгууртай байсан. Тиймээс дөрвөн жилийн хугацаанд энэ мэргэжлээр сурсан учир хамтдаа продакшн нээе, жүжиг тоглоё, кино хийе гэх зэргээр маш дэврүүн хүсэлтэй эхэлж байсан. Гэвч шууд л тодорхой хэмжээний амжилтад хүрээгүй.

Анх кино, жүжиг хийгээд бүтэлгүйтэж байлаа. Үүнийг үзэгчид маань төдийлөн мэдэхгүй байх л даа. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл 14 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ цаг хугацааны тал нь алдаж, оносон, суралцаж өнгөрсөн байна.

-Тэгвэл "Фантастик" продакшны хамт олноо гурван үгээр илэрхийлээч?

-Эв нэгдэл, нөхөрлөл, үнэнч байдал гэсэн гурван үгээр илэрхийлнэ. Манай профакшны олуулаа, урт удаан хугацаанд оршин тогтнож буй шалтгаан бол энэ.

Видео үзэх:

-Зура II "Цурам ажиллагаа" киногоо гадаадад суугаа Монголчууддаа хүргэх гэж байгаа гэсэн шүү дээ. Энэ тухай мэдээллээ өгөөч?

-Дэлхий даяар тархан суурьшсан Монголчууддаа киногоо хүргэхийг зорьж байна. Тиймээс гишүүд маань эхний ээлжинд Европын хотуудаа хувааж аваад явахаар болсон. Бид энэ удаад албан ёсны эрхтэйгээр тухайн улсад татвар, шимтгэлийг бүрэн төлж, кино театруудаар гаргахыг зорьж байгаа. Тиймээс дэлхий даяар тархан суусан Монголчууд маань киног кино театрт нь үзэх боломжтой болж байгаа. Түүнээс гадна киногоо англи хадмалтай авч явна. Тиймээс манай киног үзэхийг хүссэн хэн бүхэнд ч кино маань нээлттэй хүрнэ.

-Хувь хүн талаас тань ярилцъя. Та ер нь хэр их нээлттэй хүн бэ. Мөн амьдралынхаа туршид ямар зарчим баримталж ирэв?

-Хэлсэндээ хүрэхийг л хамгийн их хичээдэг. Би эцэг хүн, хүний хань. Тиймээс би гэр бүлдээ амласан амлалтандаа хүрэх ёстой. Ажлынхаа хамт олны өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг байх ёстой. Мөн нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Тиймээс хэлсэн үгэндээ, зорьсон зорилгодоо хүрэхийг хамгийн их хичээдэг.

Мэдээж урлагийн хүн учир нээлттэй байх хэрэгтэй. Миний хувьд тийм ч нээлттэй хүн биш. Гэхдээ гэр бүл, найз нөхдийнхөө дэргэд бол харьцангуй нээлттэй.

-Таны хувьд одоог хүртэл харамсаж явдаг зүйл бий юу?

-Би сургуулиа төгсөөд мэргэжлээрээ гүнзгийрүүлэн сурах эсвэл гадаад хэл суралцах бүрэн боломжтой байсан. Гэвч түүнийгээ ашиглаж чадаагүй. Гэхдээ цаашид цаг байна, боломж байна. Оройтоогүй байгаа, их зүйл хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Тиймээс залуусдаа хандаж хэлэхэд заавал өөртөө цаг гаргаж байгаарай. Цаг зав, боломж нь байвал өөрийгөө илүү хөгжүүлээрэй. Хэл сураарай гэж хэлмээр байна.

-Нэмэлт асуулт асууя. Та найруулагч Б.Тамиртай хамт эзэнгүй арал руу явна гэсэн байсан шүү дээ. Яагаад Б.Тамир найруулагчтай явна гээд хэлчихсэн юм бэ. Үзэгчид их сонирхож байгаа байх?

-Бид нар хөдөө явах их дуртай. Б.Тамир бид хоёр оюутан байхаасаа нэг анги байсан. Тухайн үед анги хамт олноороо хөдөө явах ч гэдэг юм уу амралтад явах ч гэдэг юм уу хаана ч явсан бид хоёр их гар нийлдэг болчихсон. Ялангуяа хоол унд хийхэд маш сайн нийлдэг. Тийм учраас хол хөдөө, эзэнгүй арал явахад амьдралтай хүн нь дээр гэж бодсон. Гэхдээ манай продакшныхан бүгдээрээ сайн хоол хийдэг. Яахав Э.Одбаяр /Од/, М.Баярбат /Баяраа/ хоёрыг дурдах хэрэггүй байх. Түүнээс биш бусад нь бүгд сайн хоол хийдэг дээ.

-Ярилцсан баярлалаа.

О.Цогтгэрэл: АН-д сайдын суудал өгөх асуудал албан бусаар яригдсан нь ҮНЭН, улс орны төлөө нийлж ажиллахад болохгүй зүйлгүй
О.Цогтгэрэл: АН-д сайдын суудал өгөх асуудал албан бусаар яригдсан нь ҮНЭН, улс орны төлөө нийлж ажиллахад болохгүй зүйлгүй
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 19 ажилтан олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын тэргүүлэх аудитор боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.