Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард зарим гишүүдээ сольсон. Ингэхдээ АН-д хоёр сайдын суудлаа өгөхөөр тохирсон талаар манай сайт мэдээлсэн. Харин уг мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үгүйсгэж, "Бид АН-д суудал өгөх талаар яриагүй. Засгийн газрын гишүүдээ өөрсдийн намын гишүүдээр бүрдүүлнэ" гэсэн юм. Тэгвэл энэ талаар болон цаг үеийн асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа.
“Нэгдмэл байх санаачилга гарсан ч АН-ын маргаан тасалбар болсон гэхэд эртэднэ”
-Саяхан Ардчилсан намын төлөөллүүд нэгдэх санаачилга гаргаж уулзацгаасан. Үр дүнд нь намын гишүүд эвлэрч гар барьж чадсан уу?
-Ардчилсан нам нийгэмд ил харагдаж байгаа байдлаараа хоёр хуваагдчихсан гэж харагдаж байгааг бүгд мэднэ. Бодит асуудлыг авч үзвэл энэ нь олон жилийн өмнөхөөс үүдэлтэй асуудал. Өөрөөр хэлбэл, намд буруу хандлага, буруу соёл тогтчихсон байна гэсэн үг. Жишээ нь, намыг хэн нэг нь өмчирхдөг, олон нийтийн байгууллага, төр захиргааны байгууллагыг хувийн өмч шигээ эзэрхийлдэг, тамга авахаараа дарж хэвтдэг байдал бий болоод байна.
С.Эрдэнэ нь хүртэл намын тамгаа өмчилдөг, бүлгийн тамгыг нь Д.Ганбат хүртэл аваад зугтчихдаг. Эдгээр асуудлууд нь буруу жишиг тогтоож, улс төрийн соёлгүй байдлыг нь харуулж байна.
Гэхдээ шийдэлгүй, цаг хугацаагүй зүйл гэж байдаггүй. Тиймээс тал талаас эвлэрье, нэгдье гэдэг санаачилгууд гарч байна. Саяын уулзалтаар намын гишүүдээс нэгдмэл байх олон санаачилгууд гарсан ч Ардчилсан намын маргаан үүгээр тасалбар болсон гэж ойлгоход эртэднэ. Миний хувьд АН-ын даргаар жил орчим хугацаанд ажиллаж байсан хүний хувьд намын дотоод зовлон жаргалыг сайн мэднэ. Цаашид аль болох нэгдэх, нэгдмэл байр сууриар асуудалд хандах намын санаачилгыг дэмжиж ажиллана гэсэн бодолтой байна.
-Таны хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэвч бүлгийн өмнөх даргын эсэргүүцэлтэй тулж тамгаа ч аваагүй байгаа. Мөн бүлгийн даргыг томилж, чөлөөлөх хуулийн төслөөр Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн асуудлыг та юу гэж харж байгаа вэ?
-ҮХЦ уг асуудлаар маргаан үүсгэсэн байна лээ. Дунд суудлын хуралдаанаар шийднэ. Энэ хугацаанд бүлэг хуулийн дагуу ажиллана. Энэ бол хууль зөрчсөн зүйл биш. Харин маргаан үүсгэснээр бүлгийн үйл ажиллагаа тасалдана гэсэн биш. Намайг даргаар сонгож, батламжилсан үйлдэл нь хуулийн хүрээнд хийгдсэн. Тиймээс ҮХЦ-ийг хуулийн дагуу шийдвэр гаргана гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
“Улс орны эрх ашгийн төлөө хүнд цагт намчирхал, талцлаа хойш тавиад нийлж ажиллахад болохгүй зүйлгүй”
-Ардчилсан нам Засгийн газарт хамтарч, 2-4 сайдын суудал авна гэсэн мэдээлэл яригдаж эхэлсэн. Ээлжит бус чуулганы дараа Засгийн газрын сайдууд солигдох үеэр Ерөнхий сайд уг асуудлаар танай намын бүлэг дээр орж ярьсан гэх мэдээлэл бий?
-Албан бусаар яригдсан асуудал мөн. Албан ёсоор манай намд бичгээр санал тавьсан юм уу, эсвэл эрх бүхий этгээд болох Ерөнхий сайд нь санал тавьсан зүйлгүй. Гэхдээ улс орны эрх ашгийн төлөө энэ хүнд цаг үед намчирхал, талцлаа хойш тавиад нийлж ажиллахад болохгүй зүйлгүй. Өнөөдрийн гол асуудал нь нам нь маргаантай байгаа, намыг төлөөлөх этгээдгүй. Дээр нь төлөөллийн төв байгууллагаараа дамжуулаад дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй байдал үүсчихээд байна. Намын нэгдсэн удирдлага тодорхой болж байж энэ асуудал цэгцрэх байх. Одоогоор намын дарга гэж байхгүй.
-Хэрвээ энэ санал бодитоор албажвал хэн хэнийг сайдад сонгох талаар бүлэг дотроо ярилцсан уу?
-Аман байдлаар яригдсан төдий учраас одоогоор сайдад хэн байх асуудлыг түрүүлж ярих боломжгүй. Тэгээд ч Ардын нам бол халамжийн бодлоготой, зүүний талын үзэл баримтлалтай нам. Сонгуульд ялахын тулд ард иргэдээ халамжийн бодлогоо сонгуулийн систем болгож байна. 3.3 сая иргэний 2.5 сая иргэн нь халамж авдаг. Үүнийгээ сонгуулийн сүлжээ болгочихсон нам. Ийм бодлогоор зургаан жил удирдчихаар эдийн засаг нь хад мөргөчихөж байгаа юм. Болох ёстой юм болдогоороо л болж байна. Харин Ардчилсан намын хувьд арай өөр бодлого чиглэлтэй нам. Төрд биш хувь хүнд илүү боломжийг нь олгох ёстой гэж үздэг. Тиймээс улс төрийн шийдвэр гаргахад Ардчилсан нам оролцох боломжтой болвол бодлогын реформ хийх цаг болсон гэж үзэж байна.
“2023 оны төсөв бол СОНГУУЛИЙН ТӨСӨВ болсон”
-Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хэдийгээр Сангийн яамнаас хамгийн сайн хэмнэлттэй төсөв байх болно гэж хэлж байгаа ч зарим УИХ-ын гишүүд эсрэг байр суурь илэрхийлж байна. Тодруулбал, төсвийн зардлаа энэ оныхоос 2.1 их наяд төгрөгөөр давуулан тооцоолсон нь хэмнэлтийн хуулиа зөрчсөн гэж шүүмжилж байна. Төсвийн төсөлд танай намын бүлэг ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-АН-ын бүлэг ирэх оны төсвийн төсөлтэй гүйцэт танилцаж амжаагүй байна. Гэхдээ төсвийн зарлагаа анх удаагаа 20 их наяд төгрөг давуулан тооцож оруулж ирснийг гайхаж байна. 2022 оны төсвийн зарлагыг 18 их наяд төгрөгөөр тооцож баталсан байсан. Тиймээс ирэх оны төсөв үндсэндээ хэмнэлтийн төсөв болж чадсангүй. Хөгжлийн төсөвт бол бүр дөхөж ч очсонгүй. Товчхондоо арга ядсан сонгуулийн төсөв гэж хэлж болно. Бид ирэх оны төсвийн төсөлтэй нарийн танилцсаны дараа бүлгээс шат дараатай санал зөвлөмжүүдийг гаргана гэсэн байр суурьтай байгаа.
Б.Мягмарсүрэн