Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ган-Очир: Нэн тэргүүнд инфляц, валютын ханшийн асуудлыг шийдэхэд төсөв, мөнгөний бодлогоо чиглүүлье

Огноо
Унших
7 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой макро эдийн засгийн байдал, шаардлагатай бодлогын тохиргоонуудын талаар ярилцлаа.

- Төв банк бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэлээ. Ойр ойрхон бодлогын хүүг чангаруулж байгаад зарим эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Энэ нь хувийн секторт дарамт болохгүй юу, үүнээс өөр зохицуулалт хийх боломж үнэхээр байхгүй юу?

- Төв банканд байгаа бодлогын хэрэгслүүд дотроос одоогийн үүсээд буй нөхцөл байдалд дорвитой хариу үзүүлэх гол хэрэгсэл нь яах ч аргагүй бодлогын хүүг чангаруулах алхам болж буй. Бидэнд өндөр инфляцыг богино хугацаанд бууруулах хэрэгцээ, шаардлага байна. Нөгөө талаас төлбөрийн тэнцлийн алдагдлаас үүдээд валютын ханш суларч байна. Төв банк хуулиараа үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах үндсэн зорилттой. Тийм учраас төгрөгийн өгөөжийг өсгөхийн тулд мөнгөний бодлогын хүүг өсгөж байна. Энэ шийдвэр хувийн секторт дарамт болох нь гэж Та асуулаа. Магадгүй төсвийн бодлогод инфляц, импортын өсөлтөд дарамт болохгүй байх чиглэлээр тохиргоо хийгдвэл инфляц богино хугацаанд буурах, төлбөрийн тэнцлийн алдагдал багасах бололцоо бүрдэнэ. Энэ тохиолдолд бодлогын хүүгийн цаашдын хөдөлгөөн дээр эерэг нөлөө үзүүлнэ.

- Бодлогын хүүг буцаад бууруулах бололцоо бий юу?

- Бодлогын хүүг бууруулна гэдэг нь зээлийн өсөлтийг дэмжинэ гэсэн үг. Өнөөгийнх шиг өндөр инфляцтай, валютын ханшийн дарамттай байгаа үед зээлийг дэмжих нь тохиромжгүй. Зээлийн өсөлт их байх тусмаа хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдэнэ. Гэтэл хөрөнгө оруулалтын зардлууд нь 40-70 хувийн импортын орцтой байдаг. Импортын зардал өсөх нь төлбөрийн тэнцлийг муутгах, төгрөгийн ханшийг нэмж сулруулах томоохон шалтгаан болно. Нөгөөтээгүүр зээлийн өсөлт нь хэрэглээг дэмжинэ. Хэрэглээ их байна гэдэг дотоодын зах зээл дээр буй эрэлтийг дэмжсэнээр дахиад инфляцад нөлөөлөх үр дагавар орж ирнэ.

Хэрэв инфляц өндөр хэвээр удаан үргэлжилбэл бодит орлогууд тэр хэмжээгээр идэгдэж, худалдан авах чадвар буурч зах зээлийн идэвхжил ч унана. Түүнчлэн валютын ханш ч хурдан сулраад байвал импортын орц илүү үнэтэй болоод, бүтээн байгуулалтын зардлууд анх төлөвлөснөөс давж, хөрөнгө оруулалтууд царцах, хойшилно гэсэн үг юм. Аль аль нь эдийн засгийн өсөлтөд сөрөг, бодлогын сонголт биш юм.

Иймд нэн тэргүүнд инфляц, валютын ханшийн асуудлаа шийдэхэд төсвийн, мөнгөний, санхүүгийн бодлогоо чиглүүлээд, асуудлаа шийдье. Нүүрсний орлого нэмэгдээд, хөрөнгө оруулалтууд сайжирч, нөхцөл байдал зөөлөрвөл бодлогын хүүг буцаад бууруулах бололцоо бий. Хэзээ вэ гэдэг нь өнөөдөр дэлхий нийтийн тодорхой бус байдлаас шалтгаална. Нэн тэргүүнд энэ зорилтыг тавья, үүний тулд шаардлагатай бодлогын арга хэмжээ авъя гэсэн үг юм.

- Хүү өсгөсөн шийдвэр урт хугацаанд ямар байдлаар эдийн засагт нөлөөлөх вэ?

- Бидний тооцоолсноор, энэ шийдвэрийн үр дүнд инфляц одоогийн түвшнээс алгуур буурсаар, ирэх жилийн хоёрдугаар хагаст нэг оронтой тоонд баталгаатай орж ирнэ. Ирэх оны төгсгөл, магадгүй 2024 оны эхний улирал гэхэд 6 орчим хувьд хүрч буурна гэж харж байгаа. Монголбанк дэлхийн бусад төв банкуудын адилаар бодлогын хүүгээ өөрчилснөөр инфляцыг зорилтот түвшинд хүргэхийг зорьдог. Нөгөө талаар энэ удаагийн шийдвэр нь долларжих үзэгдлийн эсрэг нэг тодорхой шийдэл болно.

Эдийн засгийн өсөлтийг авч үзвэл ирэх онд уул уурхайн салбарт "Оюутолгой" төслийн бүтээн байгуулалт дуусаад, бүтээгдэхүүн нь экспортод гарч эхлэх гэж байна. Нүүрсний тээвэрлэлтийн зардал буурч байна. Төмөр замын нээлт болоод, тээвэрлэлтийн зардал буурах асуудал шийдэгдлээ. Хил гааль дээр асуудлууд бий боловч зардал нь буурч байна. Дээрээс нь нүүрсний экспорт хэвийн түвшин рүүгээ ойртож 36 сая тонноор гараад явбал эдийн засаг ирэх онд 4.8 хувь хүртэл өсөх бололцоо байна гэсэн тооцоо гарч байгаа юм. Тэр утгаараа эдийн засаг ирэх жил 4-5 хувийн өсөлттэй, инфляц нэг оронтой тоо руугаа буугаад ирчихсэн байх бололцоо бий. Энд хамгийн анхаарах гол зүйл нь төлбөрийн тэнцлийн асуудал юм. Өнөөдөр мөнгөний бодлого, төсвийн бодлогод зайлшгүй тохиргоо хийх, банк санхүүгийн салбар болон Засгийн газрын түвшинд гадаад зах зээлээс валютын орох урсгалыг нэмэх шаардлага бий.

- Засгийн газар, Монголбанкнаас хариуцлага нэхье, эс бөгөөс инфляц илүү өндөр түвшинд хүрч, ам.долларын ханш өснө гэсэн “мессеж” тарж байна. Цаашид валютын ханшийн хэлбэлзэл ямар байх бол?

- Төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал хэр сайжрахаас шууд хамаарна. Одоогийн бодлогын тохиргоонууд нүүрсний экспортыг хэр амжилттай нэмэгдүүлэх вэ, импортын өсөлтийг хэр сааруулах вэ гэдэг хоёр гол асуулт бий. Ерөнхий том зургаараа дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдүүдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдах боловч ерөнхий тренд буухаар байна. Тэгэхээр харьцангуй өндөр түвшинд байгаа энэ боломжийг ашиглаж, хэр бодит, биет хэмжээгээрээ гаргаж чадахаас экспортын орлого хамаарна. Дээрээс нь бодлогын тохиргоонууд импортод нөлөөлж байж үр дүн гарах учиртай.

- Азийн хөгжлийн банкнаас саяхан танилцуулсан тайланд Монгол Улс 2023 оны төсвөө хумих шаардлагатай гэсэн “анхааруулга” өгсөн. Инфляцыг тогтоон барих гол зүйл энэ болов уу. Ер нь Төв банк төсөвт тодорхой хэмжээнд нөлөөлж чадаж байна уу? Засгийн газар, Сангийн яамтай хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

- Мэдээж Монголбанк бол судалгааны томоохон төв, хоёрдугаарт, санхүүгийн зах зээлийг бодлого зохицуулалтаар хангаж буй төв байгууллага. Тэр утгаараа Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, бусад техникийн түвшний уулзалтуудыг хийж, Засгийн газар, Сангийн яам, зохих түвшний хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцож байна. Мэдээж, төсвийн бодлого, мөнгөний бодлого гээд үндсэн зорилтуудаа хангахын тулд нэг зүг рүү хараад явах ёстой гэдэг дээр санал нэг байна. Энэ утгаараа ч энэ жилийн төсвийн бодлого дээр шаардлагатай тохиргоонуудыг хийх болов уу гэсэн байдлаар асуудлыг харж байна.

Эх сурвалж: Монголбанк

“Дарханы арьс ширний цогцолбор“ төслийг гацаасан эздэд хариуцлага тооцох уу
“Дарханы арьс ширний цогцолбор“ төслийг гацаасан эздэд хариуцлага тооцох уу
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.