УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг сольж, оронд нь О.Цогтгэрэлийг томилоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл УИХ дахь намын бүлгийн даргыг сонгох тухай хууль Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д маргаан үүсгээд буй. Иймд уг асуудалд АН-ын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дараах зүйлийг ярьжээ.
Тэрбээр, "Монгол Улсын Эрүүгийн хуулиар маргаан үүсгэсэн тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл маргааныг эцэслэн шийдвэрлэгдтэл түр зогсоно гэж заасан байдаг. Тэр утгаараа уг асуудлаар өнөөдөр нэгэнт маргаан үүсчихсэн байна. Хэрэв ҮХЦ дунд суудлынхаа хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 31-ийн 12 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарчихвал Үндсэн хууль зөрчсөн заалтаар бүтэц байгуулсан болж харагдана. Тиймээс нэгэнт маргаан үүсчихсэн учраас УИХ дахь АН бүлгийн асуудлыг хуучин хэвээр нь үйл ажиллагааг нь явуулахаас өөр гарц байхгүй шүү гэдгийг хэлж байгаа юм.
Товчхондоо, ҮХЦ-ийн эцсийн шийдвэр гартал УИХ дахь АН-ын бүлгийн бүтэц, үйл ажиллагааг хуучин хэвээр нь явуулах ёстой. Маргаан эцэслэгдэн шийдтэл ингэж явах учиртай. Хэрэв Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл О.Цогтгэрэлийн хийсэн бүтэц хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болоод л явна. Харин зөрчсөн гэх юм бол энэ байдал нь цаашдаа маргаан гаргах нөхцөл бүрдчихсэн гэж үзээд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг ҮХЦ яаралтай хурдан шийднэ гэж итгэж байна" гэжээ.