Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аян зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд зах, худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд энэ удаа ерөнхий боловсролын сургууль орчмын хүнсний дэлгүүрүүдэд хяналт, шалгалт хийжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо байрлах хүнсний дэлгүүрүүдэд хийсэн хяналт шалгалтаар худалдаалагдаж буй зарим хүнсний бүтээгдэхүүн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавигдах шаардлага MNS 6648:2016 стандартын шаардлагыг хангахгүй зөрчил дутагдал нийтлэг илэрч байна. Тодруулбал, наполеон тоорт, хотдог, ороомог зэрэг бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын мэдээлэл уншигдах боломжгүй, ил тод биш байгаа зэрэг зөрчил, дутагдлууд илэрчээ.
Хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж, зөрчил илэрсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, албан шаардлага хүргүүлжээ.