БШУЯ-наас ЕБС-ийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр сайд Л.Энх-Амгалан сэтгүүлч нарын асуултад хариуллаа.
-Их дээд сургуулийн оюутнуудыг эрэлт ихтэй мэргэжлээр сургаж чадаж байна уу?
-Манайд хамгийн их асуудал болж буй зүйл бол энэ. Манайд инженер техникийн ажилтан маш их эрэлттэй байгаа ч манай нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь нийгмийн ухааны чиглэлээр төгсөж байна.
-Цэцэрлэгийн хоёрдугаар ээлжийн бүртгэлд хичнээн хүүхэд хамрагдах хүсэлт тавьсан бэ?
-Одоогоор цэцэрлэгийн хоёр дахь бүртгэл явагдаж байна. Нийт 3000 гаруй хүсэлт ирсэн. Үүнээс гадна цэцэрлэгийн байрны асуудлаас үүдэн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хичээлдээ хамрагдах хугацаа хойшилж байгаа.
-Сурах бичгийн асуудлын талаар мэдээлэл өгөөч?
-Энэ долоо хоногт багтаад сурах бичгийн хангалтад анхаарал хандуулна. Үнийн өсөлтөөс хамаарч хэвлэлийн компаниуд үнээ 40-60 хувиар өсгөнө гэсэн зүйлийг ярьсан. Гэхдээ бид орон нутгийн ЕБС-иудын сурах бичгийн асуудалд анхаарч ажиллаж байна.
-Орос гуравдугаар сургуультай холбоотой асуудалд мэдээлэл өгөхгүй юу?
-Засгийн газар уг асуудалд эргэлт буцалтгүй шийдвэр гаргасан. Захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Аль ч улсын элчин сайдын яам МУЗГ-ын гаргасан шийдвэрийн эсрэг мэдэгдэл гаргах ёсгүй.
Орос гуравдугаар сургуультай холбоотой асуудалд цэг тавьсан. Ахиж энэ асуудал сөхөгдөх ёсгүй. Орос III сургуулийн өмчлөл 100 хувь Монгол Улсын өмчлөлд, Улаанбаатар хотод байдаг. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулдаг урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдийн зардлаас, 16 хувийг төтвөр төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг. Тиймээс өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэг байр суурь илэрхийлэх нь хуулиар хориотой зүйл гэдгийг хэлье. Бидний гол зорилго бол сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах.