"Монгол орноо хогноос салгая" аяны хүрээнд “Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-аас хариуцан хамгаалж буй нууруудын орчим, голын эрэг, хашиж хамгаалсан булаг шандын эх дагуу болон аялал жуулчлалын бүсүүдэд хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 9 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд холбогдох байгууллагуудтай хамтран 4 байршилд зохион байгуулж нийт 6.4 тонн хогийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэлээ. Үүнд,
- Хасагт хайрхан уулын дархан цаазат газрын орчны бүсийн Хүнхрийн амралт, Монгол элсний байгалийн цогцолборт газрын Эрээн нуур, Гүн нуурын баазад хамгаалалтын захиргааны 4 байгаль хамгаалагч, 2 аж ахуйн нэгжийн 6 ажилтан тус тус ажиллаж Жаргалан,Хөхморьт сумдын хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэлт хийв.
- Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн хилийн заагт орших Дөргөн нуурын аялал жуулчлалын баазуудад хуримтлагдсан, ил задгай газарт тархан малын бэлчээр, хаваржааны бүсэд үүссэн хог хаягдлыг 3 аж ахуйн нэгжийн 6 ажилтан, хамгаалалтын захиргааны 6 ажилтан, орон нутгийн 3 иргэний хамт цэвэрлэгээ явуулж ойролцоох Чандмань, Хөхморьт сумдын төвлөрсөн хогийн цэгүүд рүү тээвэрлүүлэв.
- Орчны бүс дэх хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажилд бүс нутаг залгаа Хар-ус нуурын хамгаалалтын захиргаа, Ховд гол-Хар нуур, Хүйсийн говь-цэцэг нуурын сав газрын захиргаад, бүсийн Хөхморьт сумын байгаль хамгаалагч нар хамтран зохион байгуулж оролцлоо.