Өнөөдрийн гол дүрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг онцгойлон нэр цохож оруулмаар санагдав.
Учир нь өнгөрсөн зуунд бидний үлдээсэн хамгийн том харгис хар толбо болох их хэлмэгдүүлэлтийг өнөөдөр бид дурсан санаж, төрөл төрөгсдийнх нь өмнө гэмшин гудайж байна. 26 жилийн турш үе үеийн төрийн тэргүүд, УИХ-ын дарга, Ерөнхий сайдууд бүгд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж харгислалын шуурганд өртөгсөд. Тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсдийн өмнө ТӨРИЙН нэрийн өмнөөс буруугаа ухаарч толгой гудайдаг. Гэтэл мань хурандаа өнөөдрийг мартсан уу, эсвэл үл тоосон бүү мэд. Бараан түүхийн өмнө очиж хүндэтгэл үзүүлсэнгүй. Шаварт унасан шарын эзнээр МАН-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын УИХ-ын дарга Г.Занданшатар нар гарч ирэх нь тэр. Товчхонд хурандаагүй хүндэтгэл болсон хэрэг. Ийм хүндэтгэл гэж байх уу та минь.
Өчигдөрхөн төмөр зам дээр оччихсон шаар хийсгэж, төмөр мушгиад зогсож байсан төрийн тэргүүн маань өнөөдөр бараа сураггүй алдрав. Өнөөх сүрхий фэн клабынхан нь хүртэл шартчихсан юм шиг таг жиг.
Гадагшаа, дотогшоо томилолтоор явлаа л гэж дуулдаагүй. Эрх биш галбын говиосоо ирээ байлгүй дээ. Галт тэргээ жолоодоод урд айл руу нүүрсний хүргэлтэд явчихаагүй л байлтай. Ер нь явж, явж ёслолын албан нь яагаад ийм болчимгүй үйлдлийг Ерөнхийлөгчөөсөө гаргуулав. Тамгын газар нь яагаад үүнд анхаарсангүй вэ. Өнгөрсөн борооны араас бодвол нэг том тайлбар хэлэх л байлгүй.
Нарийн яривал бидний үлдээсэн хар толбосоод байх ч юм байхгүй. Зөвлөлтийн харгис бодлогыг тухайн үед эрх барьж байсан Ардын намынхан Монголын хөрсөнд буулгаж, хэдэн зуун иргэдийнхээ цусыг урсгасан хэрэг. У.Хүрэлсүх үүнийг хийгээгээч, У.Хүрэлсүхийн ярьдаг намынх нь түүх үүнийг хийсэн. Ерөнхийлөгч өнөөдөр намаасаа холдсон ч Ардын нам түүнээс холдохгүй. Өнгөрсөн зууны аль л өнгөтэй өөдтэй болгоныг авч одоогийн нам дээрээ наадаг МАН-ынхан өнөөдрийн энэ үйлдлээсээ ичих хэрэгтэй.
Тухайн үеийн Ардын намын харгис бодлогын салхинд 45,000-55,000 хүнийг хэлмэгдүүлэн хороосон гэх тооцоо гардаг. Зарим түүхчид энэ тоог 100 мянга хол давна ч гэж ярих нь бий. Хэлбэрэлтгүй цор ганц үнэн бол тухайн үеийнхээ аль дэвшилтэд үзэлтэй, аль сэхээтэн гэсэн болгоны өөдөөс буу шагайсан явдал юм.
Энэ түүхийг МАН-ын Ерөнхийлөгч мартсан ч МАНЬ нь мартахгүй. Бантсандаа ядаж үдээс хойш гарч ирээд цэцэг өргөчихөөч, Ерөнхийлөгч өө. Төрийн тэргүүний жилийн турш оролцдог цэцэг өргөлтүүдээс эрэмбээрээ тун дээгүүр бичигдэх цэцэг өргөлт бол хэлмэгдэгсдийг хүндэтгэх явдал юм шүү.
Г.Лхагвадорж