УИХ-ын ээлжит сонгууль хаяанд иржээ. Сонгуульд нэр дэвших улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байгаа билээ. Сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ гаргасан хүмүүсийн тоо 2016 онд 69 байсан бол энэ жилийн тухайд гурав дахин нэмэгдэж, 208 иргэн хүсэлт гаргажээ.
Бид УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ гаргасан олны танил хүмүүсийг танилцуулж байна.
- УРЛАГ СОЁЛЫН АЛДАРТНУУД -
МУГЖ, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар:
МУГЖ, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар 1990-2012 он хүртэл АН-д харъяалагдаж, 2015 онд МАХН-д элссэн. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан ч сонгогдоогүй юм. Тэгвэл тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ.
Яруу найрагч, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан:
Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх, яруу найрагч Ц.Хулан хөдөө, орон нутагт бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрээр сэтгэлд хоногшсон сайхан шүлгүүдийг бичдэгээрээ олонд танигдсан бөгөөд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сониноос ажлын гараагаа эхэлж байсан юм.
МҮОНТР-ийн нэвтрүүлэгч Гомбосүрэнгийн Чоглоонамжил:
Г.Чоглоонамжил нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрын зөвлөх найруулагч, урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Гомбосүрэнгийн отгон хүү билээ. Мөн тэрээр Улаанбаатар хотын экс дарга Г.Мөнхбаярын төрсөн дүү юмсанж. Хамт олон нь түүнийг Чог хэмээн дууддаг гэх. Тэгвэл “Чог” нэвтрүүлэгч маань 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ.
Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувдын хүү, эрхзүйч, дуучин “Жентльмэн” Т.Бат-оргил:
“Мөнхийн ус”, “Аж богдын харуул” зэрэг дуугаараа 1990-ээд оны залуусыг уярааж байлдан дагуулсан дуучин “жентльмэн” Т.Бат-Оргилыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Мэдэхгүй нэгэнд нь Төрийн соёрхолт Н.Сувдын хүү гэдгээр нь тодотгоё. Хөдөлмөрийн үндэсний намын ууган гишүүдийн нэг байсан тэрээр 2015 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа улс төрд эргэлт буцалтгүйгээр орж буйгаа илэрхийлсэн билээ. Тэгвэл тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших аж.
УИХ-ын гишүүн МУГЖ, дуучин С.Жавхлан:
2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр цорын ганц бие даан нэр дэвшигч болж парламентад сууж буй урлагийн төлөөлөл бол МУГЖ, дуучин С.Жавхлан юм. Тэрбээр энэ удаад ч мөн аль нэг намд харьяалагдахгүйгээр өрсөлдөхөөр болжээ. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 54-р тойрогт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан билээ.
Мэргэжлийн кикбокс, муа-тай боксын дэлхийн аварга, Холимог тулааны тамирчин Ц.Амарбаясгалан :
“Хар салхи” хочит мэргэжлийн кик бокс, муа-тай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ.Тэрээр төрсөн нутаг болох Дархан-Уул аймагт нэр дэвшихээр ажиллаж байгаа гэнэ. Өдгөө 41 настай тэрээр 15 настайгаасаа спортын амьдралд хөл тавьж өдгөө “Шинобү групп”-ын ерөнхийлөгчөөр ажиллаж буй.
Дуучин Нара буюу М.Нарантуяа:
2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж тухайн үедээ олны анхаарлыг татаж байсан тэрээр энэ удаа мөн л нэр дэвших хүмүүсийн жагсаалтанд оржээ. Дуучин Нараг 2020 оны УИХ-ын сонгуулийг бэлтгэлтэй нь аргагүй хүлээж байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрээр 2018 онд хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “2016 оны сонгуульд нэр дэвших болсон маань гэнэтийн шийдвэр байгаагүй. Энэхүү шийдвэрийг маань хүмүүс янз бүрээр л хүлээж авсан.Олон ч бэрхшээл туулсан. Тэр бүхэн миний цаашдын ажил, амьдралд туршлага болох болно. Би энэхүү зорилгоосоо ухрахгүй. 2020 оны сонгуульд ч өрсөлдөнө. Одоогийн хийж буй бизнесүүд маань ч гэсэн үүнд чиглэгдэж байгаа. Тухайн үед сонгуулийн сурталчилгаанд ард түмэн, найз нөхөд хандив туслалцаа үзүүлсэн ч гэсэн өөрийн зүгээс санхүү багагүй гарсан. Өр ширтэй ч үлдсэн. 2020 оны УИХ-ын сонгуульд санхүүгийн хүнд байдалд дахин орохгүйн тулд одоогоос бизнестээ ахиц гаргахыг хичээж байна” гэсэн юм.
- НАМААС ӨРХ ТУСГААРЛАЖ БУЙ ЭРХМҮҮД -
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАН-ын гишүүнчлэлгүй болсон тул 2020 оны УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Дорнод аймгийн хоёр мандатын нэгийг авахын төлөө бие даан өрсөлдөхөөр болжээ.
Сануулахад, 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өгсний дагуу 30-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Ингэснээр тэрээр бүрэн эрхгүй боловч УИХ-ын гишүүн хэвээр үлдсэн юм.
Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-үүл
Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнгөрсөн баасан гарагт бие даан нэр дэвшихээр аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхдээ З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Тэрбээр "Манай намын "жинхэнэ" дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа" гэсэн юм.
Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв
Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн багийнханыг хувцас хэрэглэлээр хангахад 20 сая төгрөгийн хандивыг ЭМЯ-нд өгсөн иргэн Д.Доржпүрэв нь өмнө нь мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж хэрэг нь саяхан хаагдсан юм. Тэрээр эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа уг хэргээр шалгагдаж байжээ. Тэгвэл уг эрхэм түүнээс өмнө Төв аймгийн Ардчилсан намын даргаар 10-аад жил ажилласан байна. Түүнчлэн УИХ-ын сонгуулиар Төв аймагт гурван удаа нэр дэвшиж байв.
"Алтан-Дорнод" ХК-ийн захирал Т.Ганболд
“Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдод элсээгүй нам гэж бараг байхгүй болжээ. Тэрээр 2015 онд МАН-аас гарч ХҮН намын даргаар ажиллаж байсан. Тэгвэл саяхнаас тэрбээр ИЗНН-ын дарга Ц.Ганхуягийн зөвлөх болсон юм. Угтаа Т.Ганболд өөрөө нам байгуулахаар Улсын дээд шүүхэд хандсан боловч намыг нь бүртгээгүй аж. Гэвч эцэст нь тэрээр бие даан нэр дэвшихээр болов.
Ерөнийлөгчийн анхны эхнэр Ц.Энхтуяа
Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр гэдгээр нь олон нийт түүнийг илүү сайн мэднэ. Тэрээр 2018 онд Иргэний зориг, ногоон намын дэд даргаар ажиллаж байсан юм.ИЗНН-ыг байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлдэг гэх яриа байдаг. Гэвч тэрээр энэ удаагийн их хурлын сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв.