Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбаруудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Захирамжид заасны дагуу долоодугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн уг ажил хотын төвөөс эхэлсэн бол өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн тойргийн зүүн хойно зөвшөөрөлгүй байрлуулж, ашиглалтгүй орхигдсон том хэмжээний самбарыг буулгалаа.
Нийслэлийн ИТХ-аас 2017 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-д дараах байршлуудад зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглохоор заасан байна.
ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ:
1.Гадна зар сурталчилгааг доор дурдсан газруудад байрлуулахыг хориглоно:
1.1.соёлын өвд бүртгэсэн хөшөө дурсгал, түүх, соёлын дурсгалт газар;
1.2.музей, дархан цаазат газар;
1.3.архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж;
1.4.сүм, хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс;
1.5.төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газарт.
2.ГАДНА СУРТАЛЧИЛГААНЫ ТУЛГУУРТ БОЛОН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙГ ДООР ДУРДСАН ГУДАМЖИНД БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО. ҮҮНД:
2.1.Энхтайваны өргөн чөлөө /Саппорогоос Офицеруудын ордон/
2.2.Чингисийн өргөн чөлөө;
2.3.Сүхбаатарын гудамж;
2.4.Их сургуулийн гудамж;
2.5.Жуулчны гудамж;
2.6.Олимпын гудамж;
2.7.Их Монгол улсын гудамж;
2.8.Токиогийн гудамж;
2.9.Бээжингийн гудамж;
2.10.Сөүлийн гудамж;
2.11.Бага тойруу болон түүнээс дотогш гудамж;
2.12.Наадамчдын зам гэж тодорхой заасан байдаг аж.