Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын дунд нэгэн сонирхолтой асуудал байгаа нь Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулахаар болсон шийдвэр.
Уг шалтгалтын ажлыг зохион байгуулахыг Сангийн яам, Авлигатай тэмцэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох яам, агентлагуудад Ерөнхий сайд үүрэг болгов.
Өөрөөр хэлбэл, төмөр замтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгана гэсэн үг юм. Учир нь уг төмөр замын ажлыг эхлэхэд өргөн нарийн цариг ярьж гүйцэтгэлийн ажлыг нь зогсоосон. Түүнчлэн төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулсан гээд өнгөрсөн хугацаанд төмөр замтай холбоотой бүхий л ажил Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбогддог.
Тэрбээр, Зам тээврийн хөгжлийн сайдаас эхлээд уг ажлыг гардан хариуцаж байсан бөгөөд хамгийн сүүлд Ерөнхийлөгч байхдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн билээ. Өнгөрсөн өдрүүдэд улс төрийн хүрээнийхэн дунд Х.Баттулгыг Хөгжлийн банк, "Майдар хот" төслүүдтэй холбогдуулан шалгах гэж байгаа гэх мэдээлэл яригдаж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл түүнийг шалгах ажлыг төмөр замын асуудлаас эхлүүлэхээр болжээ.