Засгийн газрын өнөөдрийн /2022.7.20/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул танилцууллаа.
Тэрбээр "Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн явцыг Засгийн газарт танилцууллаа. Хөгжлийн банкны хувьд зээлийн эргэн төлөлт нийтдээ 503 тэрбум төгрөгт хүрээд байна. Оны эхэнд нийт 66 зээлдэгч байснаас 7 зээлдэгч зээлээ бүрэн төлж хаасан. Тухайлбал, “Кью Эс Си" ХХК" зэрэг томоохон зээлүүд бүрэн төлөгдөж хаагдсан.
Үүн дээр үндэслэн банкны зүгээс олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгосон. Сангийн сайдын хэлсэнчлэн тогтвортой түвшинд банкны зээлжих зэрэглэлээ хадгалж авч үлдсэн. Мөн санхүүгийн аудитаа хийж дуусгалаа. Оны өмнө нийт 1.4 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлага тавигдаж байсан бол зээлийн эргэн төлөлт дээр тодорхой ажлууд хийгдэж, үр дүн гарснаар өнөөдрийн байдлаар 906 сая төгрөгийн эрсдэлийн сан байгуулаад байна. Ингэснээр банкны хувьд ямарваа нэгэн дампуурах эрсдэлээс гарсан. Дараагийн үе шатанд үлдсэн зээлүүдийн эргэн төлөлтүүдийг хангуулж, үйл ажиллагаагаа хэвийн түвшинд оруулах зорилттойгоор ажиллаж байна" гэлээ.