Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АНУ-д Монголыг сурталчлах олон улсын цогцолбор байгуулна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 56 секунд

АНУ дахь Монгол Улсын Соёлын Элч Н.Ганхуяг Монголыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор санаачилсан хоёр төслөө олон нийтэд танилцууллаа. Түүний санаачилсан төслүүдийн талаарх мэдээллийг хүргэе.

-БАЯНХОНГОР АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БИЙ БОЛГОНО-

“Монгол бахархал” хэмээх Монголд хэрэгжүүлэх төсөл нь дотоодын дурсгалт газрыг нэмэх, жуулчдыг татах зорилготой ажээ. Төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баацагаан суманд “Монгол бахархал” үндэсний аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү цогцолбор нь Баацагаан сумаас баруун урагш 55 километр зайд байрлах аж.

Төлөвлөгөө ёсоор цогцолборын төв хэсэгт суварга байрлах юм. Эл суваргыг Н.Ганхуяг “Дэлхийн энх тайвны монгол суварга” төслийн хүрээнд 2014 онд босгож байсан түүхтэй. Суваргыг тойруулаад гурван метрийн өндөртэй есөн багана байрлуулна. Багана тус бүр дээр монгол түмний түүхэн үйл явдлыг дүрслэх бөгөөд энэ нь түүх соёлын гайхамшигт үнэт өв болж үлдэх юм. Есөн багана мандал хэлбэрээр цааш дэлгэрсээр 12 жилийн баримлан хөшөөнд хүрнэ. Энэхүү 12 жил нь төгсгөлгүй үргэлжлэх цаг хугацааг бэлгэднэ. Цааш үргэлжлүүлэн нэгэн жарныг илэрхийлсэн 60 ширхэг чулуун дүрслэл хийнэ. Түүний цаана 108 ширхэг ургийн мод тарихаар төлөвлөж буй аж. Мөн аялагчдын тав тухыг хангах зорилгоор эртний түүх соёлын судалгаан дээр тулгуурлан үндэсний агуулгатай сүүдрэвч, сандал зэргийг хийх юм.

Эл төслийн явц болон санхүүжилтийн талаар түүнээс тодруулахад “Төслийнхөө зураг төслийг гаргаж, хийлгэхэд 20 гаруй саяыг зарцуулаад байна. Ах дүү нарын маань дэмжлэг тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлсэн. Төсөл маань цаашаа хэрэгжихэд олон түмний хандив туслалцаа хэрэгтэй. Төслийн хүрээнд босгох есөн баганын нэг нь л гэхэд 12 сая төгрөгөөр бүтэж буй юм. Төслийнхөө эхний хэсэг болох есөн баганыг энэ жилдээ хийж бүтээнэ. Эхний ээлжийн гурван багана хийгдчихсэн байгаа. Долоодугаар сарын 15-нд аваачиж, байрлуулна. Дараагийн баганууд хийгдэж байгаа" гэв.

-АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧЛАХ ОЛОН УЛСЫН ЦОГЦОЛБОР БИЙ БОЛГОНО-

"Монгол ертөнц" хэмээх АНУ-д хэрэгжүүлэх төсөл нь Дэлхий дахинд монгол түмний хийж бүтээсэн өв соёлыг тамгалан үлдээх, монголыг сурталчлах зорилготой төсөл ажээ. Төслийн хүрээнд АНУ-д “Монгол хаус” хэмээх олон улсын сүлжээ барилга байгууламж бүхий төвийг байгуулна. Энэхүү цогцолборыг монгол ур ухаан, өнгө хийц шингээн хийх гэнэ. Байгууламж нь дотроо:

  • Их хааны өргөө, хаан гэр
  • Дэлхийн энх тайвны монгол суварга эв нэгдлийн үзэсгэлэн
  • Хүндэтгэлийн өргөө театр
  • Урц болон шилэн өргөө бүхий худалдаа үйлчилгээний төв зэргээс бүрдэх аж.

АНУ-д байгуулах цогцолбор төвийг барих ажилд Монголоос ямар, ямар уран бүтээлчид очих бол, урдьчилж төлөвлөж буй эсэхийг Н.Ганхуягаас тодруулахад “Монголынхоо уран бүтээлчдийг аваачна. Заримыг нь Монголдоо хийгээд АНУ руу аваачих эсвэл АНУ-д очоод хийх зэрэг асуудлууд яригдана. Аль болох олон уран бүтээлчийг АНУ-д аваачиж, монгол ур ухаан шингэсэн төв бий болгох хүсэл тэмүүлэлтэй байгаа” хэмээсэн юм

Наадмаар мэргэжлийн хяналтын 794 байцаагч хоолны худалдаанд хяналт тавина
Наадмаар мэргэжлийн хяналтын 794 байцаагч хоолны худалдаанд хяналт тавина
 
Ц.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлт хугацаа алдаагүй, хүлээн зөвшөөрөхгүй бол дахин хийлгэх хуулийн заалттай
Ц.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлт хугацаа алдаагүй, хүлээн зөвшөөрөхгүй бол дахин хийлгэх хуулийн заалттай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.