“Бэлгүтэй пикчерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс шагналаа гардаж авсныхаа дараа сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцсан юм.
-Шагнал хүртсэнд баяр хүргэе. Шагнуулах тухайгаа хэзээ мэдсэн бэ?
-Гурав хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж хэлсэн. Тэгээд гэр бүл, найз нөхөддөө хэлсэн. Гэтэл цахим орчинд мэдээ цацагдсан.
-Зарим хүн энэ шагналыг оройтож хүртлээ гэдэг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Тэгж бодсон удаагүй. Уран бүтээлч хүн бол гавьяа шагнал гэхээс илүүтэй уран бүтээлээ бусдад хүргэхийг хүсдэг. Тиймээс юун түрүүнд төрүүлж, өсгөсөн аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэд маань тэнгэрийн орноор хараад баярлаж суугаа байх. Хүүгээсээ илүү баярласан гэдэгт итгэлтэй байна. Мөн тэнгэрийн оронд заларсан Д.Сугар багшдаа, хайртай ханьдаа, найз нөхөддөө, ах дүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа гэж хэлэх маш олон хүн байна. Хамтарч ажилладаг бүх уран бүтээлчид болон спонсор байгууллагууд байна. Цаашид хийхээр бодсон ажил олон бий. Олон ангит кино хийж олон улсад гаргана. Сүүлийн уран бүтээл маань “Тамгагүй төр”. Маш олон хүнд таалагдсан, дагаад урам өгсөн. Миний хувьд Хүннүгийн хаадын тухай өгүүлсэн олон бүтээлд дүр бүтээж. Монголчууд бид цөөхүүлэхнээ гэж би хэлэх дургүй. Учир нь бид агуу түүхтэй ард түмэн. Тиймээс энэ агуу түүхийг дэлхий нийтэд сурталчлах үүрэгтэй хүмүүс. Энэ ч утгаараа гаднын уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаар төлөвлөсөн.
-Та өөрийн бүтээсэн дүрүүдээс алинд нь илүү хайртай вэ?
-Бүгдэд нь хайртай. Ялгаж, салгах хэцүү. Бүгдээрээ л миний тархинаас ургаж гарсан дүр учир хүүхэд шигээ хайрладаг. Гэсэн хэдий ч “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрдээ хайртай. Энэ дүрээрээ омогшиж бахархдаг. “Тамгагүй төр” жүжгийн хувьд тайзны уран бүтээлээс хөндийрөөд эргэж ирэхдээ бүтээсэн “анхны” гэж хэлж болох бүтээл. Энэ утгаараа намайг их хурцалсан.
Тэрбээр сэтгүүлчдэд сэтгэлээ ийн хуваалцлаа. Ташрамд дурдахад, соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны кино найруулан, тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийслэл, хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэл, кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлс, олон улсын кино дэлгэцийн наадмуудаас нэр хүндтэй шагналыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл, урлагийг олон улсад сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь төр ийнхүү үнэлжээ.