БНХАУ-д цар тахлын үеийн журам мөрдөгдөж байгаатай холбогдуулан бусад улсуудаас ирж буй иргэдийг тусгаарлаж буй. Тэгвэл БНХАУ-ын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн гаргасан тогтоолын дагуу долдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдийг Монголд 5, БНХАУ-д очсоных нь дараа 14 хоног тусгаарлах журам гараад буй. Гэвч өнөөдөр орой БНХАУ руу монгол иргэд зорчиход ямар нэгэн тусгаарлалт хийхгүй гэх мэдээлэл цацагдсан.
Харин энэ асуудалд ГХЯ-наас "Энэ талаарх мэдээллийг ГХЯ-нд албан ёсоор мэдэгдээгүй байна. Хятадын ЭСЯ-ны Консулын хэлтсээс ийм тодорхойлолт гаргаж өгөөгүй. Ташаа мэдээлэл байна" гэх тайлбарыг өгсөн бол БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараах мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэлд "Өнөөдөр Монгол Улсад фэйсбүүк зэрэг мэдээллийг хэрэгслээр "2022 оны долоодугаар сарын 1-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас БНХАУ-д зорчих бүх иргэд тусгаарлалтад орохгүй" гэх мэдээлэл тархсан нь ТАШАА мэдээлэл болно. БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлчийн шинэчлэгдсэн зохицуулалтыг манай ЭСЯ-ны албан ёсны вэбсайтаас "2022 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн гаргасан БНХАУ-д зорчих иргэд эрүүл мэндийн код /эрүүл мэндийн гэрчилгээ авах шинэчилсэн журам/ -аас харна уу. Зорчигчид мөн БНХАУ-д очсоны дараа тухайн орон нутгийн Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох журмын дагуу тусгаарлалтад орох юм" гэжээ.