Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, чингэлэг тээврийг хэвийн нөхцөлд оруулах 6.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Үүний дагуу маш олон хүн Замын-Үүдэд очиж ажилласан. АТҮТ-ийн 10, Монголын төмөр замын 2, ХХЕГ-ын 27 хүн, Зэвсэгт хүчний 57, ЦЕГ-ын 10 хүн гээд олуулаа очиж ажилласан. Замын-Үүдэд буусан буудал, хоолныхоо мөнгийг төлөөч. Нэртэй устай чинь Замын-Үүдийн Засаг дарга зарлана шүү гэдэг асуудал яригдаж байна. Замын-Үүдын ЗДТГ та бүхний идэж уусан 1.3 тэрбум төгрөгийг төлж чадахгүй. Тиймээс та бүхэн ажил зохион байгуулсан бол чингэлэг тээврийг ажиллуулаад эхэлсэн бол идэж уусан, байрласан буудлынхаа мөнгийг төлөөч. Өмнөөс чинь ичиж байна" гэлээ.
ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Жаргалсайхан "Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг нэгдүгээр сарын 11-нээс Замын-Үүдэд зохион байгуулалтад орж ажилласан. Улмаар гурван сар буюу дөрөвдүгээр сарын 11-н хүртэл тээвэр зохион байгуулалтыг улсаас хариуцаад ажилласан. Нийт 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдэж, жолооч нарын тусгаарлалт, тээврийн хэрэгслийн түрээсийн зардал, хоол хүнстэй холбоотой асуудлууд шийдвэрлэгдээд явсан. Үүнээс 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Үлдсэн 2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр баримтуудаа бүрдүүлээд Сангийн яаманд хүргүүлсэн. Санхүүжилт хүлээж байна" гэлээ.