Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадам арав гаруйхан хоногийн дараа тохиох гэж байна. Улсын баяр наадам хаяанд ирсэн энэ үед наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар сурвалжиллаа. Энэ жилийн улсын баяр наадмын зохион байгуулалт өмнөх жилүүдээс хэд хэдэн зүйлээр онцлогтой юм байна.
Үүний нэг нь, наадмын тасалбар болон худалдаа, үйлчилгээ эрхлэх эрхийг цахимаар олгохоор шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг зургаадугаар сарын 29-ний 08.00 цагаас долоодугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авах юм байна. Ингэхдээ нийт 374 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах эрх олгоно гэдгийг хотын захиргаанаас мэдэгдсэн. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодруулсан юм.
Т.ЗОЛЖАРГАЛ: БҮРТГЭЛ БАТАЛГААЖСАНЫ ДАРАА ААН-ҮҮДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛНА
Тэрбээр "Энэ жил хүсэлтийг биетээр бус цахимаар авч байгаагаараа онцлогтой. Www.ulaanbaatar.mn сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгөх боломжтой.
Үйлчилгээ эрхлэхийн цаана хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй яригддаг учраас тэр. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд сайтад байршуулсан шаардлагын дагуу материалаа бэлдээд, бүртгүүлэхэд болно. Бүртгэл баталгаажих үед QR код олгоно. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ эрхлэхэд мэргэжлийн тогоочтой байхыг шаарддаг байсан нь хэвээр үйлчилнэ. Дээр нь энэ жилээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг нэмж шаардаж байгаа.
Аж ахуйн нэгжүүд цахимаар хүсэлтээ өгч, тэрхүү хүсэлт нь баталгаажиж QR код авсны дараа УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллага хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өгнө" гэлээ.
"ХҮЙ ДОЛООН ХУДАГ"-ИЙН ЗАСВАР 95 ХУВЬТАЙ БАЙНА
Тэгвэл Хүй долоон худгийн засвар үйлчилгээг хариуцаж байгаа "Монгол Наадам" компанийн маркетингийн албаны ахлах менежер Н.Отгонбаяр утсаар дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр "Нийтийн ариун цэврийн байгууламжийн хувьд өмнөх жилүүдээс 10 гаруй ширхэгээр нэмэгдүүлсэн. Ингэснээр 40 гаруй ариун цэврийн байгууламж нийтэд үйлчилнэ. Түүнчлэн экоавтобус иргэдэд үйлчилнэ. Гэхдээ олонх автобусны батерей муудсан учир яг хэчнээн ширхэг автобус үйлчилгээнд гарахыг одоогоор хэлэх боломжгүй. -Хүй долоон худаг"-ийн бэлтгэл ажлын хувьд 95 хувьтай үргэлжилж байна. Будаг шунхны ажил дууссан. Одоо явган хүний зам засвар үргэлжилж байна" гэсэн юм.
ТАСАЛБАР ХУДАЛДАЖ АВАХ БОЛ ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРАХ ЁСТОЙ
Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхох гадаадын иргэдийн хөдөлгөөн эрчимжсэн байна. Тодруулбал, өдөрт 1500 орчим гадаад иргэд манай улсад аялалын шугмаар ирж байгааг Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр мэдээлсэн. Тэгвэл наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон байна. Тасалбар захиалах заавар,
- Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагт eNaadam.mn сайт дээр эхэлнэ.
- Ухаалаг утас, вэб сайт ашиглан цахимаар тасалбар захиалах боломжгүй байгаа бол танд туслах боломжтой хүмүүст эртнээс хандахыг сануулъя
- eNaadam.mn вэбсайт руу захиалга хийхээс аль болох өмнө нэвтрэн орж, урьдчилан бүртгэлээ үүсгэсэн байх.
- Захиалах тасалбар, авто зогсоолын зөвшөөрлийн тоо хязгаартай! Нэг хүн 2 тасалбар, 5 зогсоолын зөвшөөрөл захиалах боломжтой.
- Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 10 минутын дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 10 минут өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
- Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.
- Үнийн хувьд сүүдрэвчтэй суудлууд 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгийн сонголттой. Энэ нь хоёр өдрийн буюу долдугаар сарын 11-ний нээлт эхлэхээс 12-ны хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.
Т.НЯМДАВАА: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН 10500 ШИРХЭГ САНДЛЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд энэ жил нэлээд далайцтай бүтээн байгуулалт хийж байгаа юм байна. Тодруулбал, нийт 12500 суудлаас 10500 ширхэгийг шинэчилж байгаа аж. Түүнчлэн цэнгэлдэх тойрсон автозамыг шинэчилж, нийтийн ариун цэврийн байгууламжийг 60 ширхэгийг шинээр байгуулж байгаа юм байна.
Энэ талаар "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваа "Цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажил 75 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын 1-нийг гэхэд дуусга гэсэн. Энэ хугацаанд дуусах байх. Засварын ажлын зардлыг Нийслэлийн ЗДТГ болон Улсын баяр наадмын комисс, "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК хамтарч гаргаж байгаа. Манай компанийн хувьд нийт 180 сая төгрөг гаргасан. Энэ мөнгөөр цэнгэлдэх хүрээлэн тойрсон бетон суурь болон нийтийн бие засах газар шинээр байгуулахад зориулсан. Мөн наадмын үеэр гарах урсгал зардал зарцуулна" гэв.