БНСУ-ын Жэжү хотод аялалаар очсон Монгол Улсын 18 иргэн сураггүй болоод буй. 23 иргэн гэж мэдээлж байсан ч 5 нь коронавирусийн халдвар авсан, паспортоо гээгдүүлсэн, Сингапур руу дамжин нисэхээр тасалбараа захиалсан зэрэг хүндэтгэх шалтгаантай байсан юм. Харин алга болсон 18 иргэний нэг нь Жэжүгээс Мугпу руу дамжин явах гэж байгаад баригдсан юм.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Монгол хүн Монгол хүндээ хайртай баймаар байна. Энэ сарын 22-нд Монгол Улсын иргэд Жэжү аралд очсон. Тэдний визгүй зорчих эрхийн хугацаа нь 30 хоног.
Энэ хугацаанд ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй, завиар явж байгаад осолдоогүй л бол ямар нэг арга хэмжээ авах учиргүй. Гэтэл энэ хугацаа дуусаагүй байхад Солонгосын шар хэвлэлүүд энэ асуудлыг мэдээлсэн. Үүнийг нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улам дэвэргэж цацлаа. Тиймээс л Монгол хүн Монгол хүндээ хайртай байх ёстой гэж хэлсэн юм. Солонгосын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Аялалын тав хоногийн хугацаатай ирлээ гэхэд үлдсэн 25 хоногтоо тодорхой хэмжээний аялал хийх бүрэн эрхтэй.
Монгол Улсын дээрх 22 иргэнийг энэ утгаар нь харж, хүлээж байна. Тиймээс эрэн сурвалжлах арга хэмжээ аваагүй. Нөгөө талдаа Жэжү арал бол их газраас тусгаарлагдсан арал. Хэрвээ очиж үзсэн бол их газар руу нэвтрэх боломж маш бага гэдгийг харсан байх. Зөвхөн визтэй иргэд л нэвтрэх боломжтой. Өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн ийм тохиолдол гарч байсан.
Жэжү арал дээр үлдээд цаашаа их газар руу явах гэж байхдаа баригдсан. Энэ утгаараа БНСУ-ын хууль хяналтын байгууллага маш өндөр түвшинд хяналт тавьж ажилладаг. Монгол Улсын Консулын газраас “Ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй. Эрэн сурвалжлаагүй” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн" хэмээлээ.