Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнгөрсөн даваа гарагт болж сонгуулийн тухай хууль буюу сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар эцсийн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоог Монгол Улс цаашдаа сонгуулиуддаа ашиглах болсон.
Энэхүү шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн булчимгүй, хууль зөрчсөн алхам нь төрийн эргэлтийн хэмжээний шийдвэр болсон.
Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт гэдэг энэ цаг мөчөөс эхлэн намын гарт шилжих үүд хаалгыг нээж өглөө.
Үндсэн хууль зөрчиж шийдвэр гаргасан 9 гишүүний гурвыг нь Монгол Улсын ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэнийг нь Улсын дээд шүүх томилдог.
Үндсэн хуулийн цэцийн гишүүд өөрсдөө Үндсэн хууль зөрчсөн, төрийн эрх мэдлийн хууль бусаар авахыг завдсан.
Иймд цэцийн 9 гишүүнийг эргүүлэн татах шаардлагыг дээрх томилсон эрх бүхий этгээдүүдэд нь хүргүүлж байна. Мөн Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний хууль бус үйлдлийг цэц өөрөө дүгнэсэн байх ёстой. Үүнд үндэслэн УИХ-ын гишүүний хувьд УИХ-аар дамжуулан "Үндсэн хуулийн цэц"-д өөрт нь хууль зөрчсөн асуудлаар хүсэлт гаргаж байна. Тодруулбал миний хүсэлтийг хуулийн дагуу 14 хоногийн дотор Хууль зүйн байнгын хороо нэг бүрчлэн хэлэлцэх ёстой. Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын чуулганаар миний хүсэлтийг шийдвэрлэх ёстой" гэв.