Нийслэлийн гэр хороолол дагасан төвлөрлөөс шалтгаалан гэр хорооллын айл, өрхүүдийг дахин төлөвлөлт, дэд бүтцэд холбох асуудлыг сүүлийн арав гаруй жил эрчимтэй ярьж байгаа хэдий ч төдийлөн үр дүнгээ өгч чадахгүй хэвээр байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд нэгдсэн нэг бодлого, загвар тооцоололгүй явж ирсэнтэй холбоотой хэмээн мэргэжлийнхэн тайлбарладаг бөгөөд нийслэл хотын суурь асуудлын ихэнх нь гэр хороололтой шууд холбогддог.
Ташрамд дурдахад, Монгол Улсын нийт өрхийн 43.6 хувь буюу 391.7 мянган өрх нь нийслэл хотод амьдарч байна. Ингэхдээ нийт өрхийн 69.9 хувь нь ердийн галлагаатай сууц буюу гэр хороололд амьдарч байгаа гэх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 30.1 хувь нь төвлөрсөн системтэй орон сууцанд амьдарч байна гэсэн үг юм.
Иймд нийслэл хотод тулгамдаж буй томоохон асуудлуудын суурь болсон гэр хорооллын асуудалд анхаарал хандуулж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цогцоор нь шийдвэрлэх загвар, тооцоолол гаргах үүргийг өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд өгчээ. Уг тооцооллын салбар яамдууд болон холбогдох байгууллагууд хамтран боловсруулах юм. Ийнхүү нэгдсэн загвар, тооцооллыг боловсруулснаар гэр хорооллын асуудлуудыг уялдаа холбоотой, нэгдсэн нэг бодлогын хүрээнд үе шаттайгаар шийдвэрлэх боломж бүрдэх ажээ.