Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 37 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслий талаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь тус тус танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, түүнийг эгүүлэн татах, Улсын Их Хурал хугацаанаасаа өмнө дуусгавар болох, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн болон нам, эвслийн бүлгийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх зэрэг асуудлыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн найруулж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсныг төсөл санаачлагч гишүүн О.Цогтгэрэл танилцуулгадаа онцлоод ийнхүү шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг, 33 дугаар зүйлд Бүлгийн эрх, үүрэг, 34 дүгээр зүйлд Бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан байдаг гэв.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас 11 гишүүн сонгогдож, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын дарга танилцуулсан. Ийнхүү Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуульд заасны дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, бүлгийн гишүүд, Ардчилсан намаас Улсын Их Хурлын даргад удаа дараа албан бичиг хүргүүлж, түүнчлэн хоорондоо санал нэгдэхгүй, бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд нэлээд хугацаанд ажиллаа. Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурал цөөнхийн бүлгийн эрх, үүрэг тодорхой болж, бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудал хуульд заасны дагуу тодорхой болж, бүлгийн тогтвортой ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Хуулийн төсөл нь Үндсэн хууль болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хууль батлагдсаны дараа хэрэгжүүлэхэд холбоотой улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогггэрэл нарын 9 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15,17-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч Улсын Их Хурал дахь бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонх шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Ж.Батсуурь гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Мөн тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаас тус өдрийн 13.00 цаг хүртэл 2 удаа завсарлага авч хугацаа дууссан гэдгийг дурдаад Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60.0 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Энхбаяр нарын асуултад төсөл санаачлагч гишүүн О.Цогтгэрэл хариулсны дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Ковидын эсрэг вакцинжуулалтын цэгүүд 15.00 цаг хүртэл ажиллана
Ковидын эсрэг вакцинжуулалтын цэгүүд 15.00 цаг хүртэл ажиллана
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.