Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан, төрийн байгууллагуудын автомашинуудыг Засгийн газрын авто баазад татан төвлөрүүлж байгаа. Хуулийн хэрэгжилтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хангуулахаар ажиллаж байгаа.
Энэ асуудлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулахад "4000 гаруй тээврийн хэрэгслийн судалгаа яригдаж байна. Эхний ээлжинд хуулийн дагуу албан тушаал нь байхгүй болсон, машин хэрэглэхийг хориглосон албан тушаалтнуудын тээврийн хэрэгслийг төвлөрүүлэх арга хэмжээг авч байгаа. Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, агентлагийн дэд захирлууд чөлөөлөгдсөн.
Тухайлбал, манай төрийн болон орон нутгийн оролцоот компанийн 108 дэд дарга, орлогч чөлөөлөгдсөн.
Эдгээр хүмүүсийн ашиглаж байсан автомашинуудыг татан төвлөрүүлж байна. Татан төвлөрүүлсэн машинуудыг хэрэгцээтэй байгууллагуудад хуваарилалт хийн шилжүүлнэ. Бусад машинуудыг зарж борлуулна. Харин ашиглалтын шаардлага хангахгүй машинуудыг актална" гэдгийг хэллээ.