Сэтгүүлч Г.Гэрэлмаагийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан асуудлаар ЦЕГ-аас хийсэн албаны шалгалт хийсэн байна. Шалгалтын үр дүнгийн талаар Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энигма” төвийн барилгыг буулгах Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийн хангах явцад явцад цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халдсан гэх мэдээллээр сэтгүүлч Г.Гэрэлмаа гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайдаас ирүүлсэн үүргийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраа албаны шалгалт явууллаа. Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагч сэтгүүлч, зураглаачийн биед халдсан, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан гэм буруутай нь тогтоогдож байна. Тиймээс сэтгүүлч, зураглаач хоёроос уучлалт хүсэж байна.
Мөн албаны шалгалтаар бид Цагдаагийн ерөнхий газрын дэд болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал, мөн Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд нарт албан тушаалын сарын цалинг гурван сар 20 хувиар хасах сахилгын шийтгэл оноосон. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийням, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нийтийн хэв журам хамгаалах газрын хэв журмын хэлтсийн эргүүл хамгаалалтын тасгийн дарга, дэд хурандаа Б.Даваадорж нарт албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хошууч Г.Баянбямбад үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын арга хэмжээг оногдуулсан. Мөн тусгай субьектээс үлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа харьяаллыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх болно. Цагдаагийн ерөнхий газрын даргын эзгүйд миний бие үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд энэ үйл явдалд болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэв.