Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Түвшинбаяр "Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийж болохгүй үйлдэл хийсэн гэдгээ мэдэж байгаа. Миний найз надтай хүүхэд ахуй наснаасаа хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж, өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүн байгаа. Бүгдээс нь уучлалт хүсэж байна.
Та бүхэн уучлаарай. Би энэ хэрэгт маш их харамсч, гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байгаа. Цаашид үр хүүхэд болон гэр бүлд нь боломж олговол найзынхаа гэр бүлд насан туршдаа тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье. Мөн аав ээж, гурван дүү, хамаатан саднаас нь уучлал хүсч байна. Эл хэрэгт холбогдож өчигдөр орж ирсэн гэрч болон бусад хүмүүсээс уучлал хүсч байна. Энэ бүгдэд зөвхөн би буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ойлгож байгаа. Эрхэм шүүгч өмгөөлөгчийн маань хэлснийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье" гэв.
Эргэн сануулахад, прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров энэ удаагийн шүүх хуралд түүнд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 10.1-2.1 зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, Эрүүгийн хуулийн 10.1-2.1-д заасан "Хүнийг алах" гэсэн зүйл ангийг 11.1-2.5-д зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол гэсэн зүйл ангиар өөрчлүүлэх байр суурьтайгаа илэрхийлсэн. Энэ зүйл анги нь 5-12 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.