УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт боллоо.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар ногоон байгууламжаа нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа энэ уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн бол Улаанбаатар хотын зүрхэнд байдаг цөөхөн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг.
Хотын дарга тус цэцэрлэгт хүрээлэнг иргэддээ нээлттэй болгож, хашааг буулгаж, ногоон байгууламж байгуулах гэж байгаад баяртай байна. Нийслэлийн 120 сая мод тарих санаачилга бүтнэ гэдэгт итгэлтэй байгаа. УИХ-ын хувьд бүх талаас дэмжиж ажиллах болно. Түр хороо санаачлан хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна. Тогтоолын төсөлд Үндэсний соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн болоод бусад газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар тусгаж өгнө. Ингэснээр газрыг зориулалтын бусаар хувьчилдаг байдал арилж, газар хамгаалалтад орох орчин бүрдэнэ.
Хотын дарга иргэдэд ээлтэй санаачилга гаргаж байгаад нийслэлийн иргэд дэмжиж байгаа. Улаанбаатараа иргэдэд ээлтэй, ногоон байгууламжтай, ногоон хот болгох их ажилд амжилт хүсье. Үндэсний хүрээлэн маань ногоон байгууламж бүхий ойн төгөл болно гэдэгт итгэлтэй байна. Түр хорооны гишүүд болон нийслэлийн удирдлагуудын гаргасан ногоон санаачилгыг УИХ-ын гишүүд бүрэн дэмжиж ажиллана” хэмээлээ.
"ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНГИЙН НИЙТ 35 ГА ГАЗРЫН 85 ХУВЬ НЬ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛНО"
Түүнчлэн Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн амралт зугаалга, ногоон байгууламжийн талаар танилцуулсан.
Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тохижилт, ногоон байгууламж, явган замын төлөвлөлтүүдийг хийсэн. Маршалын гүүрний зүүн талын хэсэгт 5 га талбайг эзлэх тохижилтын ажлыг төлөвлөж, зураг төсөл нь гарсан байгаа. Тухайлбал, явган зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амарч зугаалах талбай, дугуйн замын шийдлүүдийг багтаасан. Хөрөнгийн асуудал шийдэгдвэл цаашдаа үргэлжлээд явах бололцоотой.
Нийтийн эдэлбэр газрыг сайжруулах арга хэмжээний хүрээнд гарааш, хашаа, хайс чөлөөлөх, тохижуулах зэрэг олон ажлыг хийж байна. Тухайлбал, чөлөөлсөн байршлуудад давхар авто зогсоол, газар доорх гараашийн тохижилтын шийдлүүд гарсан. Тохижилт хийх байршлуудад зураг төслийн ажил хийж байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нийт 35 га газрын 85 хувь нь ногоон байгууламж болно. Явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийж хэрэгжүүлэх юм” гэлээ.
"ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖ 637.7 ГА ТАЛБАЙГ ЭЗЭЛЖ БАЙНА"
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хотын тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт, дүүрэг бүрд хэрэгжүүлж байгаа зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайс буулган тохижуулсан ажлуудын талаар танилцууллаа.
Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Тэрбээр “2022 онд хэрэгжих 59 төсөл, арга хэмжээ байгаа. Хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байна. ДЭМБ-аас нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг дунджаар 9 м2 гэж заасан. Дэлхийн хэмжээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-24 м2 байдаг. Манай хотын хувьд ойролцоогоор 5.5 м2 байгаа.
Усан сан буюу хиймэл нуур барьж байгуулах, ай савууд дээр усан цөөрмийг бий болговол агаар, усны бохирдол, тоосжилтыг багасгаж, чийгшил нэмэгдэх хэрээр ногоон байгууламж, ойжуулалтад таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Гадаргын усыг цуглуулж нуур, цөөрөм бий болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цогцоор нь хэрэгжүүлэх шийдэл болно.
Мөн гарааш, хашаа хайс, явган хүний замын хөдөлгөөнд саад учруулж буй объектыг чөлөөлөх ажлуудыг хийж байгаа” хэмээлээ. Түүнчлэн газар хийгээд мөнгө нь байх юм бол 10 давхар барилгыг нэг жилийн дотор барина. Харин мод арчилж ургуулахад багадаа 10 жил шаардлагатай гэдгийг хэлж байлаа.