ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эрүүл мэнд муу байгаа гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг мэдээллийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн ням гарагт Францын TF1 сувагт өгсөн ярилцлагадаа няцаасан байна. Тэрбээр “Ерөнхийлөгч Путин өдөр бүр олон нийтэд харагдаж байгаа. Та нар түүнийг зурагтын дэлгэцээс харж, ярьсан зүйлийг нь сонсох, унших боломжтой. Эрүүл ухаантай ямар ч хүн түүнээс өвчин эмгэгийн шинж тэмдэг олж харахгүй гэж би бодож байна. Өдөр бүр түүнийг харах боломжтой байгаа хэдий ч ийм цуурхал тарааж суудаг хүмүүсийн ухамсарт энэ асуудлыг үлдээмээр байна” хэмээжээ.
Тавдугаар сарын 9-ний өдөр Москвагийн Улаан талбайд болсон Ялалтын баярын парадын үеэр Путин өвдгөө зузаан хөнжлөөр хучиж суусан байсан нь түүнийг хорт хавдартай болсон, эмчилгээ хийлгэж байж болзошгүй гэх мэдээллийг улам лавшруулахад хүргэсэн бололтой.
Эх сурвалж: ТАСС