УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд сонирхсон асуултдаа хариулт авав.
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн "Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдвал 62 бөхөд цол нэмж олгоно гэдгийг хууль санаачлагч хэлсэн. Допингийн асуудалд холбогдсон нийт 38 бөх байдаг юм байна. Миний мэдэж байгаагаар гурван бөхийн цолыг хурааж, барилдуулахгүй байгаа гэж ойлгосон. Тодорхой нэр зааж асууя. 38-аас гуравхан бөх үлдсэн байна. Тэгвэл энэ цол олгох 62 бөхөд Хэнтий аймгийн Э.Оюунболд, Увс аймгийн Б.Ганзориг, Баянхонгор аймгийн Б.Бат-Орших нарын нэрс байгаа юу. Эдгээр 62 хүний нэрийг олон нийтэд хэзээ мэдэгдэх вэ.
Монголын үндэсний бөхийн холбооны ТЭРГҮҮН Ц.Магалжав "Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Э.Оюунболд, Б.Бат-Орших нарт унасан бөхчүүдэд цол, чимгийг нь өнгөрсөн жил олгосон. Тэгэхээр энэ хоёр бөхөд цол, чимэг нөхөж олгох боломжгүй. Б.Ганзориг гэдэг бөх 2015 оны наадмаар допинг хэрэглээд цолоо хураалгасан.
2003 онд н.Адъяабат, н.Суманчулуун гэдэг хоёр бөхийн цол хураагдсан байсан. Түүнийг 2021 оны зургадугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураасан зарлигийг хүчингүй болгосон. Одоо Улсын начин цолтой байгаа. Харин Б.Ганзоригийн цолны тухайд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал. Хураасан зарлигийг өөрчлөх эсэхийг Ерөнхийлөгч мэднэ" гэлээ.