Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891,2 метр урт гүүр, 80.850 метр квадрат явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр авто зам, гүүр барих ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлжээ. Тодруулбал, Гачууртын зам буюу Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл зорчих хэсэг, явган зам болон Улиастай голын дээгүүрх 97.3 метр гүүр бүхий нийт 4.27 км урт замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК барьж байгуулах юм.

Замын зорчих хэсгийг энэ онд, замыг бүхэлд нь 2023 оны аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар зорин ажиллаж буй. Тэгвэл тус авто замыг барьж, зорьсон хугацаанд ашиглалтад оруулахын тулд нийт 100 орчим нэгж газрыг чөлөөлөх шаардлагатай болсон байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллалаа.

Өдгөө зам барих газрын хөрсийг хуулж, цахилгааны шугам сүлжээг зөөн, бэлтгэл ажлыг хангаж буй юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар “Бүтээн байгуулалтын сар цөөн учраас ажлаа эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр ажиллаж байна. Шинээр тавих замын анхны зураг төсөл 2012 онд гарснаас хойш суурьшлын бүсэд айлууд болон барилга, үл хөдлөх хөрөнгө нэмэгдсэн тул газар чөлөөлөхөд бэрхшээл гарч байгаа ч үүнийг шийдэн, зам барих ажлыг эрчимжүүлэхээр зорьж байгаа” хэмээлээ.

Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл авто зам барьснаар уг чиглэлд замын шинэ сүлжээ бий болж, замын хөдөлгөөний ачаалал багасаж, түгжрэл буурах чухал ач холбогдолтой. Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын бүтээн байгуулалтын үр дүнд гол замууд дахь хөдөлгөөний эрчим 20 хувиар буурах судалгааны дүн гарсан юм.

Г.Занданшатар: Монголбанк, төсөв санхүү, эдийн засгийн бодлого чинь болохгүй байна
Г.Занданшатар: Монголбанк, төсөв санхүү, эдийн засгийн бодлого чинь болохгүй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.