Хяслантай ч юм даа. ХҮН гэх намынхан удахгүй үүрээ “эвдэх” гэж буй талаар хоёр дахь удаагаа сануулж бичнэ гэж бодож байсангүй. 2016 оны сонгуулийн өмнөхөн сар шинийн өдрүүдтэй зэрэгцэж Монголын улс төрд ХҮН гэх сүр дуулиантай шинэ нам хоёр хуваагдаж, тамга тэмдгээ булаацалдаж эхэлсэн талаар анх бичиж байв. Төд удалгүй намын байрандаа “зодолдож” байсан ХҮН-ынхан баруун, зүүн талдаа гарч байгаад ёстой тоос манаргаж эхэлсэн. Эцэст нь өөрсдийгөө бүрэн “булшилж”, улс төрийн “зомби” намуудын эгнээ рүү амжилттай дөрвөн жил шилжсэн түүхтэй. Энэ талцал хуваагдлын ард Ардын намынхан байсан.
Тамга тэмдгийн маргаан нь хэрээс хэтэрч тухайн сонгуульдаа ч гавтай оролцож чадаагүй ХҮН-ынхан 2020 оны сонгуулиар арай гэж хэрүүл, уруулаа дуусгаад эвсэл байгуулж оролцоод Т.Доржханд нь ганцаараа гишүүн болов. Даанч ХҮН өөрийнхөө төлөө бус ХҮНИЙ намын төлөө ажиллаж орхив. Ямартаа л Ардын намын “Дохиурын нам”, “Угжны нам” гэх муу нэрсийг төвөггүй олоод зүүчих вэ дээ.
Өчигдөр ч үүнийгээ нотолж Т.Доржханд нь талбай дээр МАН-ын төлөө жагсав. Ингэж тодотгох болсон нь учиртай. Ардын намынхан юу, юугүй Үндсэн хуулиа өөрчлөхөөр араа шүдээ хурцалцгааж, сандал ширээгээ ил далд булаацалдаж суугаа. 2019 онд ҮХ-иа сүр дуулиантай өөрчлөөд сонгуулиар баахан шоудсан эрх баригчид ямар нүүрээрээ “Гишүүдээ сайд болгохгүй бол ууртай гишүүд маань засгаа “батирах” гээд байна” гэж ард түмэнд тайлбарлалтай нь биш. Аль болох бусдын гараар могой бариулахыг эрмэлзэж буй. Тэр могойг нь тууштай атгалцаж буй хүмүүсийн нэг бол Т.Доржханд. Ингэж өөрсдөөсөө холуур тойруулж “давхар дээл”, ҮХ-ийн өөрчлөлтийг парламент руу оруулж ирэх нь эрх баригчдад хал палгүй. Тэд өнгөрсөн өвөл Цэц рүү “давхар дээл”-ийг зохицуулахаар АН-ын Г.Адьшаа, Н.Ганибал хоёрыг нохойд барьсан ч Ц.Нямдоржийнхоо сүүлийг дийлээгүй. Яг үүнтэй нь зэрэгцээд манай “баатар” бас Цэц рүү “давхар дээл”-ний асуудлыг бариад гүйсэн удаатай. Гэвч Цэцийн тохируулгыг дийлэлгүй нөгөө хоёртойгоо хамт “хад мөргөцгөөсөн”.
Өчигдөр МАН-ын хүслийг ярихдаа мань Т.Доржханд “Залуучуудын хүсэл” гэж маниусын нэрийг ашиглаад амжсан байна лээ. Намайг парламентын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж хэлснийг Т.Доржханд яаж ч мэдсэн юм бүү мэд. Ямарч байсан миний болон бидний өмнөөс баахан ярьсан байна билээ.
Ингэхдээ парламентын тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, өнөөх “давхар дээл”-ний тухай үлгэрийг ч хавчуулж ярив. МАН-ын хүслийн жагсаалтыг өнгөрсөн зунжин ҮХ-ийн өөрчлөлт дээр “ажиллаж” намуудтай зөвшилцөх ажлыг хийсэн ТБХ-ны дарга Ж.Мөнхбат гарч ирж авах нь тэр. Ер нь энэ хавар өөрөө өөр рүүгээ жагсуулах технологийг МАН-ынхан утгаар нь ашиглаж байна. Тогтолцоо ярьж буй нь зөв ч, эрх баригчдын “торноос” нисээд байхаар Т.Доржхандад ч, ХҮН-д ч итгэх арга алга.
Тэр өчигдөр МАН-ын төлөө явсан нь эхний тохиолдол биш. Өмнө нь Цэцийн гишүүний асуудлаар бас л Ардын намын өмнөөс гомдоллож байгаад Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлүүлж, оронд нь эрх баригчид хүнээ “таалж” байв. Улмаар дамжаад Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг нэр дэвшихгүй болгох асуудлыг бас л Цэц рүү ХҮН-ынхэн барьж явсан.
Москва найтаахад Монгол ханиадаг гэдэг шиг Ардын нам хүсэхэд Т.Доржханд Цэц рүү гүйдэг, өмнөөс нь асуудал босгодог боллоо. Ингэж Ардын намын “үйлчлэгч”-ийн ажлыг хийж, намынхаа нэр усыг сольж явах хооронд чинь өнөөх ах нар чинь 2016 оных шигээ ХҮН гэдэг бойжиж буй намыг чинь гурав дахиа хуваах гэж байна. Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үеэр ХҮН-ыг чинь бас Ардын намынхан хурган шоглож, С.Ганбаатарын хүн Зоригтбаатарыг хаанаас ч юм гаргаж ирээд бужигнуулж байсан. Тэд тун удахгүй энэ технологио ашиглаж ХҮН-ы хаясан Хөдөлмөрийн Үндэсний нам гэх үгний товчлол дээр “тоглолт” хийх талаар эх сурвалжууд мэдээлэв. Уг нь зөв төлөвшсөн гурав дагагч улс төрийн хүчин болох боломж ХҮН-д байсан.
Г.Лхагвадорж