"Цусны цагаан эсийн хорт хавдар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав Н.Батзул дөнгөж сая мэдээлэл хийж, эмчилгээний зардал 100 хувь бүрдсэн хэмээн мэдээллээ. Тэрбээр "Биднийг зогсолтгүй дэмжсэн дэмжсээр байгаа Монголынхоо ард түмэнд гэр бүлийнхээ зүгээс хүүгийнхээ өмнөөс маш их баярлалаа. Та бүгдийн минь буян заяа нь үрийн үрдээ дэлгэрч эрүүл энх саруул сайхан аз жаргалтай элэг бүтэн байхын ерөөлийг өргөж байна. Одоо ч биднийг дэмжсээр сэтгэлийн хандиваа өргөсөөр л байгаа ард түмэндээ дахин дахин талархаж байнаа. Бид хүүгээ бүрэн эмчлүүлээд ирэхэд магадгүй бидэнд мөнгө үлдсэн байвал нэг ч зоос үлдээлгүй дутаалгүйгээр Сайн үйлсэд зарцуулах болноо гэдгээ Хүүгийнхээ нэрийн өмнөөс амлаж байна. Баярлалаа та бүхэндээ.
Эмчилгээний зардалд 570 сая төгрөг цугларсан. Эмчилгээний зардал 100 хувь бүрдлээ. Хэвлэл мэдээллийнхэндээ, монголчууддаа маш их баярлаж байна" хэмээлээ.
Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хавдар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хийлгэхэд 520 сая төгрөгийн өртөгтэй аж. Түүнчлэн хүүгийн донор нь хоёр настай охин дүү нь болохоор шинжилгээгээ өгөөд байгаа юм.