Монгол Улсын Ерөнхий сайдын хамтаар Засгийн газрын гишүүд өнөөдөр өглөө аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч болоод төр хувийн хэвшлийн оролцогч талуудтай уулзжээ. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудаснаа мэдээлэл оруулсан байна.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар ковид цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргэхээр салбарынхантай ойр, ойрхон уулзаж байгаа нь төр хувийн хэвшлийн уялдааг сайжруулж, Засгийн газрын зүгээс шат дараатай ямар арга хэмжээ авахаа ярилцаж, ойлголцож буй хэрэг билээ.
Монгол Улс жуулчин, хөрөнгө оруулагчдад хилээ бүрэн нээснээс хойш жуулчдын урсгал нэмэгдэж байгаа тул сүүлийн хоёр жилд аялал жуулчлалын салбарын алдагдсан боломжийг нөхөхөд Засгийн газар бүхий л талаар дэмжихэд бэлэн байгаа гэж Ерөнхий сайд өнөөдөр мэдэгдсэн юм.
Аялал жуулчлалын салбар нь оролцогч олон талтай тул Засгийн газрын гишүүд өөр, өөрсдийн салбарын мэдээлэл, бодлого шийдвэрээ салбарынханд тайлагнаж, тэдний дэвшүүлсэн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэл авч байна.
Соёлын яам гэхэд Монгол Улсад ирсэн жуулчдад үзүүлэх соёлын хөтөлбөр, түүний агуулга, үндэсний урлагаа хэрхэн сурталчлах, дотоод гадаад чиглэлд бидний үндэсний брэндинг юу байх зэрэг хийсэн ажлаа тайлагнаж, салбарынхантай бодлого, шийдвэрээ хуваалцлаа.
Аялал жуулчлалын салбарынхан Та бүхнийг санаа бодлоо хуваалцаж, тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэхийг уриалж байна" гэжээ.