УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр АТГ-т мэдүүлэг өглөө. Тэрбээр АТГ-аас гарч ирсэнийхээ дараа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Өнөөдөр юу болоод байгааг мэдэхгүй байна. Улс орны байдлыг харахаар иргэдийн амьдрал дээрдэж байгаа юм алга. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гээд олон албан тушаал эрхэлж явсан болохоор иргэдийн амьдралыг харахаар дуугүй байж чадахгүй нь. Гишүүн болсноосоо хойшхи хоёр жилийн хугацаанд их зүйл ч ярилаа. Үнэн үг хэлэхээр их олон хүний дургүй хүрдэг юм байна. Ялангуяа эрх баригч намаас Н.Алтанхуягийг дуугүй болгох төлөвлөгөө боловсруулж, зохиол бичиж байгаа гэсэн. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиолоор явдаг байсан. Одоо хэн зохиол бичээд байгаа юм мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагад үлдэгдлүүд нь арилаагүй юм шиг байна. АТГ, прокурор хавиар жаахан ч гэсэн өөрчлөлт гарсан болов уу гэж горьдорж байна" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Таныг АТГ-аас яллагдагчаар татсан уу?
-АТГ яллагдагчаар татдаггүй юм байна. Прокурорын тогтоолоор татдаг юм байна. "Прокурорын тогтоолтой би 3 дахь өдөр өмгөөлөгчтэйгээ ирээд мэдүүлэг өгөөд танилцъя" гэлээ.
-Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа юу?
-Хөтөл, Кью эс си компанитай холбоотой асуудал огт алга. Засгийн газартай холбоотой олон шийдвэр гардаг. Тэгэхээр тэд нарын нэгтэй холбоотой асуудал л юм байлгүй.
Би нэлээн хэд хоногийн өмнө байгалийн баялгийг ард түмэн нийтээрээ хүртэх ёстой. Цөөхөн хүмүүс нь баяжиж, ард иргэд ядуурдагаа болъё гэдэг асуудлыг ярьсан. Тиймээс Эрдэнэтийн зэсийн хүдрийг Эрдэнэтийн ард иргэд, Эрдэнэт хот, Уулын баяжуулах үйлдвэр 3 гурвуулаа хохиролгүйгээр тэнцүүхэн хувь эзэмших тогтоолыг төслийг барьсан. 33, 33, 34 хувиар. Үүнийг ярих юм бол УИХ-д бас дайн болно. Тэгэхээр эд нар наана нь янз бүрийн хэрэгт холбогдуулж, дуу хоолойг багасгах гэж байгаа юм байлгүй.
-Ерөнхий прокурор таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ өгнө гэж байна?
-Зохиол нь цаашаа яаж бичигдсэнийг мэдэхгүй. Зохиолгүй юм гэж байдаггүй л дээ. Намайг Ерөнхий сайдаар огцорсоноос хойш Монгол Улсад шударга ёс алдагдсан. Шударга юм гэж байхгүй. Шударга бусын хонгил хэвээрээ байна. Намайг шударга бусын хонгил ярихаар байдаггүй л гээд байсан. Гэтэл энэ сэдвийг ярисаар хоёр Ерөнхийлөгч гарлаа, хоёр Ерөнхий сайд төрлөө. Надад хийсэн хэрэг байхгүй. Манай Засгийн газар бүх зүйлийг ном журмын дагуу хийдэг байсан.
-Түдгэлзүүлээд шалгуулах уу?
-Миний түдгэлзэх эсэх энд хамаагүй. Ардын намынхан кнопдоод л болоо. Хүнээс нь хамаарахгүй. Ардын намынхан шийдчихнэ.