Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу 10.00 цагаас МАН-ын бүлэг Жанжин Сүхбаатарын танхимд, АН-ын бүлэг Их эзэн Чингис хаан танхимд хуралдахаар болжээ.
МАН-ын бүлгийн хуралдаанд Хотын дарга Д.Сумъяабазар оролцохоор болсон байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт хэрүүл алим дэгдээж, гишүүдийг хот, хөдөөгөөр нь талцуулаад буй LRT хөнгөн галт тэрэгний талаар мэдээлэл өгөхөөр болжээ.
Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар мөн оролцох аж.
Сануулахад, LRT төслийг Төсвийн байнгын хорооноос дэмжээгүй. Иймээс хотоос сонгогдсон УИХ-ын 24 гишүүн чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.